Мексикийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд Веракруз мужийн далайн эргийн дагуух газар дахь булшнаас 166 хүний араг яс олсон байна.

Мужийн прокурор Жорже Винклерийн хэлснээр, эдгээр араг яс нь хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан булшинд байжээ. Энэ нь Мексикт сүүлийн хоёр жилд олдсон хамгийн том нийтийн булш юм.

Мөрдөгчид уг газрын ойр орчмын 32 булшнаас 144 хүний иргэний үнэмлэх олсон байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс булшнуудын байршлыг олон нийтэд мэдээлээгүй аж. Мөн тус газраас хувцас болон хүмүүсийн хувийн эд зүйлс олдсон хэдий ч хохирогчдын тоог тодорхой гаргахад мөрдөн байцаагчид гол анхаарлаа хандуулж байгаа аж.

Тухайн газарт олон зуун араг яс байна гэсэн мэдээлэл ирсний дараа мөрдөгчид сар орчмын турш дрон, хөрс нэвт харах радар зэрэг төхөөрөмж ашиглан ажиллаж байгаа юм.

Мексик улсад 2006 оноос хойш хар тамхитай холбоотой хүчирхийлэл газар авсан бөгөөд Веракруз муж нь хар тамхи наймаалагч “Зетас” болон “Жалиско” гэсэн хоёр бүлэглэлийн хоорондох цуст тулааны талбар болсоор байгаа юм.

2017 онд тус мужийн нийслэлийн орчим дахь нэргүй нэгэн булшнаас 250 гаруй хүний араг яс олдсон тухай прокурор Ж.Винклер мэдэгдэж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг