Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу өөрийг нь Канадад баривчлан саатуулсантай холбоотойгоор тус улсын эрх баригчдын эсрэг шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан байна. Энэ тухай “CBC” телевиз ням гарагт мэдээлжээ.

Канадын Хилийн удирдах газар, Цагдаагийн газар болон Засгийн газар Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн гэж Мэн Ваньжоу үзэж байгаа аж. Нэхэмжлэлийг Ванкувер хот дахь Британийн Колумби мужийн Дээд шүүхэд гаргасан байна. “Өөрийг нь хууль бусаар баривчилсан” гэж Мэн Ваньжоу Канадын хилчид, цагдаа нар болон Засгийн газрыг буруутгажээ. Тэрбээр “холбогдох албаны хүмүүст хариуцлага тооцох, мөн баривчлан саатуулсантай холбоотойгоор гарсан зардлыг нөхөн төлөхийг шаардсан байна”.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг АНУ-ын талд шилжүүлэн өгөх хүсэлтийг хэлэлцэж байна гэж Канадын Хууль зүйн яам энэ сарын 1-нд мэдээлсэн билээ. Энэ хэргийг шүүх хурал Ванкувер хот дахь Британийн Колумби мужийн Дээд шүүхэд орон нутгийн цагаар 10 цагт эхэлнэ гэдгийг тус яам мөн мэдэгдсэн юм.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг Канадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нд Ванкуверийн нисэх онгоцны буудалд баривчилсан билээ. Түүнийг АНУ-ын Нью-Йорк хотын Дорнод тойргийн прокурорын газраас шилжүүлэн өгөх тухай тусгай хүсэлт гаргасны дагуу баривчилжээ. Мэн Ваньжоуг Ираны эсрэг авсан АНУ-ын худалдааны хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгасан байна. Канадын шүүх түүнийг 12 дугаар сарын 11-нд 10 сая канад долларын /7 сая ам.доллар/ барьцаагаар суллаж, Америкийн талд шилжүүлэн өгөх хүртэл Ванкувер дахь гэртээ нөхрийн хамт оршин суухыг зөвшөөрчээ. 

АНУ-д “Huawei” компани, тус компанийн охин компаниудад, мөн Мэн Ваньжоуд нийтдээ 23 зүйл ангиар хэрэг үүсгэсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS