УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэлээ.

Тус хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Яригдаж буй асуудлыг яагаад шалгадаггүй юм, дуугүй өнгөрөөд байдаг юм бэ гэж байна. Бүх хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад шалгаж байна. Та нар өөрсдөө цагдан хорих боломжгүй хууль батлаад өгчихсөн. Ийм хууль өөрсдөө батлаж өгчихөөд, нөгөө хуулийнх нь дагуу ажиллаж буй биднийг ажлаа хийхгүй байна, энэ хүмүүсийг аваачиж хорихгүй байна, ард түмэн хараад байхад зүгээр гадуур явуулаад байна гэж хуулийг хэрэгжүүлдэг бидэн рүү ярих нь тохиромжгүй. Тиймээс хуулиа нарийн болгох хэрэгтэй. Практик ажлаас урган гарч буй саналуудыг маш сайн тусгах шаардлагатай.

Дээр нь нэмж хэлэхэд хуулиар нөхцөл байдал тогтоогдсон учраас нийгэмд үүсээд буй асуудал дээр Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татлаа. Яллагдагчаар татсан учраас Үндсэн хуулийнхаа дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирж, та бүхэнд танилцуулж байна. Энэ хүнээ түдгэлзүүлэх эсэхээ та нар өөрсдөө шийдвэрлэнэ. Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Сүүлийн үед би 3 дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Өмнөх хоёрт нь та нар татгалзсан хариу өгсөн. 

Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байна тэр шударга ёс. Хууль ёсыг дээдлэнэ гэсэн үндсэн зарчимтай энэ УИХ чинь хүмүүсийг яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм бэ. 

Өнөөдөр "УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхгүй шалга л даа" гэж байна. Гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах, жирийн иргэнийг шалгах 2 тэс өөр. Жирийн иргэн болох дээрх сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байна. Шийдвэр гаргасан хүн болох УИХ-ын гишүүн нь одоо чуулган дээрээ сууж л байна ш дээ. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсны төлөө би саналууд оруулж ирж байна" хэмээн хэллээ.