Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус баярыг тохиолдуулан УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр "Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж буй цэрэг эрс, зэвсэгт хүчний үе үеийн ахмад дайчиддаа Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын өдөр төдийгүй бүх монгол түмний бахархалт өдөр юм.

Монгол эх орноо дээдлэх, алтан соёмбот төрийн далбаандаа сүслэх, дайчин эрсийн мөр зэрэгцсэн жагсаал дор эх орны хөвгүүдээрээ омогших бахархал чухамхүү энэ өдөр л хамгийн тод илэрдэг билээ.

Аминаас ч илүү алтан хил, дархан орныхоо өмөг найдвар, бат түшиг болсон Та бүхний яруу алдар үеийн үед бадарсаар байх болтугай.

ЭХ ОРОН, АРД ТҮМЭН МИНЬ АМАР ТАЙВАН БАЙГ" гэжээ.