УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөо болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Б.Хурцыг Элчин сайдаар томилсонтой холбоотой асуудалд тайлбар хийлээ.

УИХ-ын дарга М.Энхболд "Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн. УИХ энэ асуудлыг өнгөрсөн 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээж аваад 5 долоо хоногийн дараа хэлэлцсэн. 

Энэ хугацаанд УИХ-ын гишүүдээс гаргасан саналын дагуу нийтийн сонсгол явуулах талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Ажлын хэсэг байгуулаад ажилласан. Тус Ажлын хэсэг нийтийн сонсгол хийх хууль эрх зүйн боломж, бололцоо байхгүй гэдгийг хэлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын санаачилсан нээлттэй хэлэлцүүлэгтэй санаатайгаар зэрэгцэж Б.Хурцыг Элчин сайдаар томилсон асуудал байхгүй. Чуулганы хуралдаан журам, хуваарийн дагуу асуудлуудаа хэлэлцсэн. Үүнд бодитой байдлаар нь мэдээлэл өгөхгүй бол УИХ-ын чуулганыг зориуд тус хэлэлцүүлэгтэй зэрэг явуулсан гэж ярьж буй нь буруу бөгөөд зохимжгүй. 

Элчин сайдын томилгооны асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчид өргөн барихдаа ямар асуудал вэ гэдгээ нухацтай авч үзэх ёстой байсан. Өөрсдөө өргөн барьсан. Өргөн барьсан асуудлыг нь бид хэлэлцсэн. Үүний төлөө УИХ буруутай юм шиг байдлаар Засгийн газрын зарим гишүүн ярьж байна. Үүнийг би зохимжгүй гэж үзэж байна. 

Засгийн газар өргөн барьчихаад татаж авч болно. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.  Гэвч 5 долоо хоногийн турш Б.Хурцын томилгооны талаар асуудал хөндөж тавиагүй хэрнээ УИХ бүх асуудлыг дур мэдэн шийдчихсэн юм шиг Засгийн газрын хоёр гишүүн ярьж байна. Цаашид Ерөнхий сайд Засгийн газар дээрээ гишүүд нэг байр суурьтай байх, кабинетын зарчмыг баримтлах талаар анхаарах нь зүйтэй. Б.Хурцыг УИХ томилоогүй. Зөвхөн өргөн барьсан асуудлыг зөвшилцсөн. Томилох нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал" гэдгийг онцоллоо.