Засгийн газрын хуралдаанаас албан ёсоор товлогдоогүй байхад энэ сарын 18-ны өдөр "Дүнжингарав" хурдан морины уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан билээ. Энэ үйл явдал нилээд олон асуудлыг араасаа дагуулаад байна. Харанхуй шөнөөр уралдсан, олон хүүхэд бэртэж гэмтсэн, зохион байгуулалтгүй болсон гэх мэт олон зүйлийг тоочиж болно. 

Тэгвэл энэ асуудлаар, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн байр сууриа цахим хуудсанаа илэрхийлсэн байна. Тэрээр "-Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна.

-Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно" гэжээ.