“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал яг одоо Төрийн ордонд болж байна.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.

Тэрбээр "Үндсэн хуульдаа хийсэн өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсныг түүх гэрчилнэ.

1992 онд баталсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулж, нийгэм, төрийн байгууллын ардчилсан үндэс тулгуурыг бататган, хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн байгууламж, засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний байгууллагын болон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, Үндсэн хуулийг сахин хамгаалах хяналтыг тогтоосон юм.

Шинэ Үндсэн хууль маань улс Монголынхоо өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюуны үндсийг бэхжүүлж хүнийг, түүний эрх, эрх чөлөөг дээдэлснээрээ өмнөх Үндсэн хуулиудаас ялгаатай бөгөөд үзэл баримтлал, суурь зарчмын хувьд ардчиллыг тунхагласнаараа онцгой ач холбогдолтой юм.

Нөгөө талаар энэхүү Үндсэн хууль Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг байсан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ.

Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарсан өөрчлөлт, дэвшил хөгжлийн чиг баримжаа, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харууллаа. Тиймээс 1992 оны шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй юм.

Гэхдээ нийгэм хөгжиж, олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойрсонгүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаар сүүлийн 10 гаруй жилд байнга санал гарах болсон.  УИХ дээр л гэхэд үүнээс өмнө 4 удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв. 

Тиймээс эдгээр санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хөндөж байгаа юм.                 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажилд энэ удаагийн УИХ онцгой ач холбогдол өгч, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж байгааг миний бие өмнө нь илэрхийлж байсан билээ.

УИХ-аас төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Тогтоол баталсан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас төслийг хэлэлцүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж, улс орон даяар 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, төрийн байгууллагуудад нийт 68 удаагийн бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг 2 сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргаад байна. 

Эдгээр хэлэлцүүлгээр аймаг, нийслэл, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан программ хангамж, цахим хуудсаар нийт 327,375 санал хүлээн авсан бөгөөддавхардсан тоогоор 5.6 сая саналыг цахим мэдээллийн санд бүртгээд байна.

Нийт санал өгсөн иргэдийн 47.3 хувь нь эрэгтэй, 52.7 хувь нь эмэгтэй байсан бол насны хувьд 32.2 хувь нь 18-35 насны залуучууд, 35.9 хувь нь 36-55 насныхан, 31.9 хувь нь 55-аас дээш насны иргэд байгаа нь бүх насны иргэд идэвх санаачилгатай оролцсоны илрэл юм.

УИХ-ын Тамгын газар хэлэлцүүлгийн талаархи 750 цагийн дүрс бичлэг, 1100 гэрэл зураг, санал асуулгын хуудсаар 2607 хавтас архивын нэгж үүсгэсэн нь УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд бүрддэг архивын хэмжээтэй дүйж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 20 зүйл, хэсэг, заалтаас 19 нэмэлт, өөрчлөлтийг иргэд 53.3-78.2 хувиар дэмжиж саналаа өгчээ. 

Иргэдийнхээ өгсөн эдгээр санал, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн хүчнүүдийн байр суурь, дүгнэлтэд тулгуурлан төслийг ойрын үед эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ. Улмаар хуулийн төслийг парламентаар нухацтай хэлэлцэх болно.

“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид хэлжээ. Төслийг боловсруулах, хэлэлцэх болон цаашдын үйл ажиллагааны бүхий л шатанд энэ үгийн үнэ цэнийг эрхэмлэн сахих нь чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бодит хэрэгцээ шаардлага, нягт нямбай тооцоо судалгаа, орон даяар явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлах нь ойлгомжтой юм. Түүнчлэн өөрчлөн шинэчлэх олонхийн хүсэл эрмэлзэл, дордуулж муутгачих вий гэсэн цөөнхийн эргэлзээ болгоомжлолыг ч адил тэнцүү авч үзэх ёстой.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал онол, практикийн өргөн цар хүрээнд, чөлөөт хэлэлцүүлэг, мэтгэлцээний журмаар болж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" гэв.

Тус эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан болон Ажлын хэсгийн гишүүд оролцож байгаа юм. Мөн академич С.Нарангэрэл “1992 оны Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу”, хууль зүйн доктор Б.Гүнбилэг “Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу”, судлаач-нийтлэлч Б.Баабар “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвээр илтгэл танилцуулах юм.

Түүнчлэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл тэргүүтэй эрдэмтэн, судлаачид оролцон илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.