Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд "Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороон дээр би нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж буйтай холбогдуулж, ядаж Төрийн ордон дотроо нэгдмэл ойлголцол бий болгох нь зүйтэй гэдэг саналыг гаргасан. Энэ хугацаанд УИХ-ын удирдлага АН-тай хэлэлцэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх дэгийн тухай асуудлаар Ерөнхийлөгчид санал өгөх ажлыг хийсэн байна. Үүнийг би зөв гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон гэж би ойлгож байна. 2008-2019 оны хооронд ажилласан гурван парламентын хугацаанд 7 удаа Ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хөндөж, ярьсан. 

Улмаар янз бүрийн шалтгаанаар хойшлогдсон. Харин өнөөдрийн нэмэлт, өөрчлөлт бол хэлэлцэх эсэхээ яриад, олон нийтийн саналыг авч, дараагийн хэлэлцүүлгүүдээ хийх боломж бүрдэж байна.

Нөгөө талаас 27 жилийн хугацаанд буюу Үндсэн хууль баталсан үеэс Монголын улс төр, нийгмийн амьдралд олон өөрчлөлт бий болсон. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага байна. Энэ бол зүгээр нэг хугацааны асуудал биш. Үүнийг нийгэмд болсон өөрчлөлттэй салшгүй холбоотойгоор авч үзэх ёстой. 

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмнээсээ асууж, Үндсэн хуульд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулна гэж амласан. Үүнийг иргэд дэмжсэн. Дэмжсэний үр дүнд энэ парламентын 85.3 хувь нь нэг намаас бүрдсэн. Энэ утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ард түмнээс энэ парламентад өгсөн даалгавар юм.

Нөгөө талаар бид парламентын засаглалыг сайжруулах, илүү боловсронгуй болгох ийм л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байгаа. Тэрнээс биш шинэ засаглал буюу Ерөнхийлөгчийн засаглалын тухай асуудал энд яригдаагүй. Тиймээс уг асуудалд нэгдмэл нэг ойлголттойгоор өөрчлөлтөө дэмжээд явах нь зөв" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Чуулганы хуралдааныг дүрс бичлэгээр шууд дамжуулж байна.