Баруун хойд Хятад дахь Мерседес Бензийн үзэсгэлэнгийн танхимд гэмтэлтэй машин зарсанд нь бухимдсан эмэгтэйн гаргасан үйлдэл олны анхаарлын төвд байна. 

Ванг овогтой эмэгтэй гомдол гаргасан ч тэд сонсоогүй мэт үл тоомсорложээ. Тэрээр 100-аад мянган доллараар Шианиан мужийн Шиан дахь Мерседес Бензийн борлуулагчаас "CLS 300" загварын машиныг 3 дугаар сарын 27-нд худалдан авчээ. Тэр дөнгөж худалдаж авсан машинаа анх удаа унахад тос алдаж байгааг анзааран дилертэй эргэн холбогдсон байна. Гомдлыг хүлээн авсан ажилтан хариу арга хэмжээ авахаар санал гаргасан ч уг саналаа удаа дараа өөрчилсөн гэж эмэгтэй мэдэгджээ. Анхандаа тэд шинэ машин өгөхөөр амласан бол дараа нь мөнгийг нь буцаан олгохоор болж, эцэс сүүлд нь хөдөлгүүрийг нь солих санал тавьжээ.  


Ванг уг явдлаас маш их цухалдсан бөгөөд 4 дүгээр сарын 9-нд үзэсгэлэнгийн өрөөнд эсэргүүцлийн арга хэмжээ авахаар шийджээ. Хүмүүсийн анхаарлыг татсан уг бичлэгт 30 настай эмэгтэй машины хамар дээр сууж байгааг харж болно. 

Тэрээр “Би дээд боловсролтой эмэгтэй. Тэдний гаргасан үйлдэл нь намайг доромжилсноос ялгаагүй. Би тэдэнтэй анхнаасаа наймаалцах хэрэггүй байсаныг ойлгож байна. Хэрвээ тэд миний гомдлыг хүлээн авч оновчтой арга хэмжээг даруй авсан бол би ийм ичгүүртэй зүйл хийхгүй байсан. Намайг цагдаагийн 110 дугаар луу залган бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж дуудлага өгч болно” хэмээн хөдлөхгүй суусаар байсан аж.

Уг бичлэг орон нутгийн зохицуулагчдын хараанд өртөн хэргийг нэн даруй мөрдөн шалгаж эхэлжээ. Өнгөрсөн бямба гарагт Мерседес Бензийн төлөөлөгч Вангаас “тааламжгүй туршлага” бий болгосонд уучлал гуйн, асуудлыг нь шийдвэрлүүлэхээр баг ажилтнаа явуулна гэж мэдэгджээ. Гэсэн ч одоог хүртэл түүний машины хувь заяа тодорхойгүй байна. 

Олон нийт түүний талд байгаа бөгөөд Мерседес Бензийн хувьд энэ нь анхны тохиолдол биш ажээ. “Хэрэглэгчид эвдрэлтэй машин зарахаар оролдсоныхоо төлөө тэд хуулийн хариуцлага хүлээх ёстой” хэмээн Бээжингийн хуулийн хорооны төлөөлөгч Глобал Таймст хэлжээ.

Эх сурвалж: nextshark.com