Онцгой байдлын албаны техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэхэд зориулан “Мерси Кор” олон улсын байгууллагаас “УАЗ-469” маркийн гурван автомашиныг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.

Автомашин хүлээлгэн өгөх ажиллагаанд “Мерси Кор” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Рамеш Сингх, хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр дээрх автомашинуудыг Увс аймгийн Онцгой байдлын газрын улсын нөөцийн салбар, Төв аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант суман дахь улсын нөөцийн салбар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин суман дахь улсын нөөцийн салбаруудад олгож байгаа юм.