Лионель Месси өнгөрсөн ням гарагт болсон тоглолтоор “Ла Лиг”-д 400 дэх гоолоо хийж лигийн дээд амжилтыг тогтоолоо.

Испанийн “Ла лиг”-ийн 19 дүгээр тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб талбайдаа “Эйбар” клубийг хүлээн авч 3:0-ээр буулган авсан.

Энэ тоглолтод Месси 53 дахь минутад гоолдож, энэ улирлын 17 дахь, “Ла лиг”-ийн 400 дахь гоолоо оруулсан юм.

Ингэснээр тэрбээр тус лиг дэх бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогчийн байр сууриа итгэл төгс үргэлжлүүлж байна. Гэвч Италийн Ювентус клубт тоглож байгаа Кристиано Роналдо болон Месси хоёрын тоглолт-гоолийн харьцааг жишин үзвэл Кристиано Роналдо илүү байгаа юм. Тэрбээр 311 тоглолтод 292 гоол оруулсан бол Месси 435 тоглолтод 400 гоол оруулсан амжилттай байна.  

Дашрамд дурдахад энэ улиралд “Ла Лиг”-ийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа “Реал Мадрид” клуб энэ тойрогт “Реал Бетис” клубийн талбайд зочилж, талбайн эзэн багийг 1:2-ын харьцаагаар буулган авч, 3 оноог авснаар 33 оноотой болж хэсгийн дөрөвдүгээр байрт орж ирсэн юм. Ингэснээр “Реал Мадрид” клуб Испанийн “Ла Лиг”-ийн их гурвалуудын нэг гэдгээ батлан харуулав.

Гэсэн хэдий ч тус баг лигийг тэргүүлэгч “Барсеолона” клубээс 10 оноогоор хоцорч яваа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АР