"Салхины дотор тал гэдэг нь бороон дундуур үлээн гарсан салхины хуурай хэвээр үлддэг тэр  мөн чанар юм" гэж зөнч хэлжээ. Леандрийн хувь заяаг хэлж өгсөн торхон дотор амьдардаг, оймсоо тайлалгүй хөлөө угаадаг, ганцаардал нь "наранд сагаж муудаж байгаа тараг" шиг  болсон гүн ухаантан Диоген шиг зөнч түүнийг эмэгтэй хүн, сэлэм хоёроос хүзүүгээ хамгаалж яваарай гэж захьжээ. Цэргийн хүн толгойг нь тас цавчин тавган дээр тавьсан байх нь зөнчийн  нүдэнд харагдсан аж. Ингээд мань Леандр эх орныг нь эзлэн түрэмгийлж, хүмүүсийн толгойг хайр найргүй тасдаж байгаа махир сэлэмт Турк, татаруудаас зугтах хэрэгтэй болов. Леандр хот тосгодыг галдан шатаах тэдгээр зэрлэг балмад толгойн ангуучдаас дөлж зугтах зуураа явсан  газар бүртээ сүм дугана босгох болжээ. "Хүмүүс гэдэг цаг хугацааны барилгачид" учраас тэр юм. Хүн үхлээс, хувь заяаны хүлээснээс хэзээ ч бултаж зугтаж чадахгүй. Үхэл гэдэг цаг хугацаа. Үхэл үгүй бол амьдрал гэж үгүй. 

Өрнө дахинд амьдрал-үхэл, гэрэл-сүүдэр гэх мэтээр орчлонгийн юмс үзэгдэл эсрэг, тэсрэг хоёр тусдаа зүйл гэсэн философи үзэл байна. Харин Дорно дахинд арга-билиг буюу юмс үзэгдэл хосолмол гэсэн философи баримтлана. "Салхины дотоод тал" гэх энэ зохиолд Дорно дахины амьдрал-үхэл гэдэг нэг юмны хоёр тал учраас сүнсээр дамжин үргэлжилнэ гэсэн үзэл санааг тусгажээ. Зүүд-зөн, сүнс-сэтгэл, үхэл-хойт нас гэсэн метафизик ойлголтууд энэ зохиолын гол цөм санаа юм. Леандр толгойн ангуучид өрөөсөн чихээ алдаад  амьд үлдсэн ч галд шатаж үхэх үхлээ өөрөө сонгожээ. Гэхдээ тэр өөрийг нь мөрдөх махир сэлэмт морьт ангуучаас зугтаж яваад цамхагт орж амь аврагдсан боловч тэр цамхаг дотор тэсрэх бодис нуусан байсныг яахин мэдэх билээ. Яг л үхэх ёстой байсан 4-р сарын 22ны өдрийн арван хоёр цаг таван минутанд цамхаг дэлбэрчээ.  

"ГЕРО" хэмээх 2-р бүлэгт химийн ангийн оюутан Геро өөрийгөө арван хоёр цаг таван минутанд үхнэ гэдгээ яг таг мэддэг тухай өгүүлдэг. Тэдний удмынхан бүгд тэслэгчид байсан бөгөөд арван хоёр цаг таван минутанд дэлбэрэлтэнд өртөж үхэцгээсэн учраас тэр өөрийгөө тийм хувь заяа, үхэл хүлээж байгаа гэж боддог болсон аж. Зүүдээ манаж, зүүдээ тэмдэглэж, зүүднийхээ дохио тэмдэг, хэл шинжлэлийг судлах болжээ. Зүүдний дарамтаас үхэл л чөлөөлнө гэж бодох тэрээр нэг л өдөр тохиох арван хоёр цаг таван минутын дэлбэрэлтийг сэм хүлээнэ. Гэтэл хувь заяа өөрөөр эргэж хардаж ууралсан  цэргийн дэслэгч түүний толгойг тасджээ. Гурав хоногийн дараа түүний толгой эрэгтэй хүний хоолойгоор аймшигтай хашгирсан гэнэ... 

Эртний Грек домгоос сэдэвлэн бичсэн уг зохиол үнэхээр өвөрмөц, сонин содон, учир утгыг нь ухаж ойлгоход хэцүү зохиолын нэг. Хүний биед нэг байтугай хэдэн сүнс ч хоргодон байж мэдэх хачин бодол төрлөө. Эрэгтэй хүний биед эмэгтэйн сүнс орогнодог ч юм шиг. Эсрэг хүйстэндээ татагдах шалтгаан нь тэр ч юм билүү хэн мэдлээ. Леандр, Геро нар уг нь хоёр зууны зайтай төрсөн эр эм хоёр атал хувь заяа нь далд холбоостой байх нь сүнсний дахин төрөлт юм болов уу? ЗҮҮДЭНД АВТАЖ УНТАНА ГЭДЭГ ӨӨР ЕРТӨНЦӨД СЭРНЭ гэсэн үг гэж "Загасны хайрсан бүрх" зохиолын баатар хэлдэг. 

ХХI зууны анхны роман гэж алдаршсан "Хазар хэлний толь бичиг" зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн Сербийн зохиолч Павич орчин цагийн утга зохиолын нэг сонин үзэгдэл шүү. Түүний зохиолууд шидэт реализм, ёр бэлгэ, далд бэлгэдэл, дам утга, мистик, домог зүй, хийсвэрлэл, зүүдний орон зай гээд хэдэн давхар утга санаа агуулсан үнэнхүү баялаг ертөнцтэй билээ.