Малала охины амьдралын бодит түүхийг өгүүлсэн "Намайг Малала гэдэг" номыг уншсан 24 дүгээр сургуулийн 6Д ангийн сурагч С.Мишээл бидэнд сэтгэгдэлээ бичиж ирүүлжээ.


Малала, Малала. Чи гайхалтай юм аа. Би энэ номыг уншаад англи хэлтэй, боловсролтой, ухаалаг, мусалман эгчтэй танилцах шиг санагдлаа. Бид сурахын тулд зөвхөн хичээлээ хийхэд л болнo. Гэтэл энэ охин сурч боловсрохын тулд ямар их зовлон зүдгүүрийг амсаа вэ. Бууны хүнд суманд шархалсан ч охидын боловсролын төлөө дахин төрөлх Пакистан руугаа очсон гэж би ээжээсээ сонссон. Тэр хэзээ ч шантрахгүй байх аа. Ээж нь дөнгөж бичиг үсэг сурч байхад хэдийнээ дэлхийн алдартай хүмүүсийн нэг болсон энэ охиноор би бахархаж байна. Бас би энэ номыг уншсанаараа эргэн тойронд байгаа бүхэндээ талархах сэтгэл төрсөн. Малала шиг охид одоо ч эрх чөлөөгүй, хүнд хэцүү орчинд амьдарсаар байгааг зурагтаар зөндөө харсан. Тэдний нүд гунигтай бас өөртөө итгэлгүй. Гэтэл бид боломж дүүрэн Монгол оронд амьдарч байна. Малала охидод итгэл найдвар хайрлагч юм. Би ч гэсэн түүний номыг уншаад олон зүйлийг ойлголоо. Энх тайван, мэдлэг боловсрол сайн үйлсийн төлөөх чин сэтгэл ямар агуу юм бэ гэдгийг мэдэж авлаа.

Одооноос эхлэн боловсрол гэдэг ямар чухал болохыг ойлгосон учраас өөрийгөө илүү дайчлахаа амлан тангараглаж байна. Нээрээ би энэ номыг хичээлийн завсарлагаар, аягаа угаасны дараа, дүүгээ харж байхдаа, буйдан дээр суунгаа уншсан. Би 2 охин дүүтэй. Дараагийн дүү маань 4 дүгээр анги. Дүүдээ би энэ номыг заавал уншуулна. Би хэл сурахаараа гоё сургуульд яваад Малала шиг мундаг хүмүүстэй заавал уулзана.