Мөхөж буй захын хорооллын хөлсний давчуу байшинд өсөж торнисон, Мишелийн ядуу зүдүү амьдралаас  эрх чөлөөний орны тэргүүн хатагтай болтлоо туулсан зам, хүчирхэг хувь хүн болсон түүх хэн хүнд урам зориг итгэл найдвар өгөх сургамжаар дүүрэн байна.

Хар арьст хүнийг гадуурхан дорд үздэг тийм орчин нийгмээс хүчирхэг Америк гүрнийг тэргүүлэх, удирдах зүүд зөгнөлийн гэмээр амжилтанд хүрч чадсан гэр бүлийн түүх саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээр, шаргуу зан, мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй урашлах эрч хүч нэмнэ.

Алдагдсан боломж бүтээгүй мөрөөдөлдөө хорсол тээн амьдрах яхир өвөө, мэдрэлийн эс үхжих өвчинтэйгээ хувийн тэмцэл хийх аав, хүүхдүүдийнхээ хувийн амьдралд оролцдоггүй ЗЭН үзлийг амьдралдаа баримтлах ээж, өөрийгөө байнга хөгжүүлж байдаг бүтээлч сэтгэхүйтэй ах гээд гэр бүлийн хүмүүсийнх нь нөлөө их байжээ.


Аав ээж хоёр нь арай ядан илүүчилж хуримтлуулсан мөнгөөөрөө том байшин худалдан авахаас татгалзаж хоёр хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах, ирээдүйнх нь төлөө бүхнээ зориулсан байна. Ирээдүйгээ өөрсдөө сонго-хэлэх дуртай үг нь.


Би бусдад хэрхэн харагдах бол гэж санаа зовних бус "Би бусдаас яагаад дутуу байх гэж?" гэсэн шаргуу зан, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө өөртэйгээ хийсэн хувийн тэмцэл нь амжилтанд хүрэх хөшүүрэг болсон аж.


Барактай анх танилцаад хүсэл сонирхол, зан ааш, амьдралын хэв маяг ер нь бүх юм нь эсрэг тэсрэг хүмүүс болохыг мэджээ.Гэхдээ үүнийг таарч тохирохгүй талаас нь бус арга-билэг, амьдралын тэнцвэрт байдал гэдэг эерэг үзлээс хандсан байна. Мишелийн туулсан зам Евклидийн өргөн чөлөөнөөс Принстон, Харвардын их сургууль,хуулийн фирм гэсэн өгсөх шат байсан бол Баракийн амьдрал зигзаг шугам, геометрийн  дүрсүүд холилдсон ээдрээтэй, олон хэмжээст ертөнц байжээ.


Бие биенийхээ хүсэл сонирхолыг хүндэтгэж, хувийн орон зайг нь хүлээн зөвшөөрдөг, зай тавьж өгдөг учраас хүндрэл бэрхшээлийг өөрсдийгөө хөгжүүлэх боломж болгон хувиргасан байна. Мишель нээлттэй, задгай байхыг хүсдэг бол Барак даяанч мэт ганцаараа бүгэх дуртай. Хэн хэндээ тэр орон зайг нь нээж өгнө.


Барак номд хамаг мөнгөө зарцуулж, оюун санаагаа байнга шинэ мэдлэгээр сэлбэхийг хүсдэг, өөдрөг үзэлтэй, материаллаг эд зүйлсэд ач холбогдол өгдөггүй, ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрийн зовлон бэрхшээлийг үл тоодог алсын хараатай залуу байсан нь Мишельд маш их таалагджээ.


Мишель маш няхуур, бүгдийг тооцоолж, нэгэнт олсон байр сууриа хэвээр хадгалахыг хүсдэг бол Барак том амжилтанд хүрэхийн тулд зоригтой алхам, эрсдэл хийхээс огтхон ч айдаггүй байв. Арын хамгаалалтанд найдаж суух биш зөвхөн урагшаа.Эрсдэл, золиос гаргах эр зориг үгүй бол том зүйл мөрөөдөхийн хэрэггүй.


Барак Америкийн түүхэнд анхны африк гаралтай өнгөт арьст ерөнхийлөгч болох түүхэн амжилтанд хүрэхэд Мишель хамгийн гол зөвлөх, дасгалжуулагч нь байж чадсан байна. Эсрэг, тэсрэг энэ хоёр хүнийг мэдлэг боловсролд тэмүүлэх, өөрийгөө байнга хөгжүүлэх бүтээлч сэтгэхүй, оюуны сонирхол нь нэгтгэж чаджээ.


Хайр гэдэг нөхцөл болзол бус бие биенээ дэмжих, сайн сайхан чанарууды нь олж нээх, зорилгоо нэгтгэх, урам зориг өгөх, асуудлыг хамтдаа шийдэх, би-г би-д болгон хувиргах тасралтгүй үйл явц, хувирал, шинэ ертөнц бүтээх хамтын сэтгэл зүтгэл юм гэдгийг олж харна.


Дэлхийн тэргүүлэх гүрний удирдагчийн гэргий байх нь сайн сайхан гэхээсээ илүү хүнд хэцүү ачаа, дарамт байдгийг хамгаалалтын бөмбөлөг дотор өнгөрүүлсэн найман жилийн амьдралын дурсамжиндаа ний нуугүй нээлттэй, хошин өнгө аясаар, задгай өгүүлсэн нь уншихад урамтай сайхан байв. Жинхэнэ эрх чөлөө бол өөрийн зоргоор амьдарч чадах тийм хүмүүст л байна.


Өвөөгийнхөө, аавынхаа алдагдсан боломж, бүтээгүй мөрөөдлийг гүйцээж чадсан нь тэдний хөлс хүч, амьдралаа золиослосны үр дүн билээ. Тиймээс өнөөдөр үр ашиг нь гарахгүй ч зөв зүйтэй зүйл хийж, үнэнч шударгаар явбал түүний үр дагавар хэзээ нэгэн цагт сайны үр дүн болон соёолох учиртай аж.


Мишелийн бага насны дурсамж Америкийн зохиолч Харпер Лий Гургалдайг хөнөөхүй романыг санагдуулна. Арьс өнгөөр ялгаварлах үзэл одоо ч нүднээс далд амь бөхтэй оршсоор байдаг ажээ.


Амьдралынх нь урт замд тохиолдсон бэрхшээл, тусалж дэмжсэн бүх хүмүүст талархах сэтгэлээр дүүрэн ном байна. Энэ ном товчдоо ӨӨДРӨГ ҮЗЭЛ -ийн ном юм.


Өөрийнхөө үзэл бодолдоо хатуу зогсдог Мишель ууртай хар нэр зүүсэн ч нүднээс далд ямар амьдрал өрнөж байсныг илэн далангүй сайхан бичжээ.Тэр ганцхан хүнийг хэзээ ч уучлахгүй гэсэн.Тэр нь одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп. Энэ мэдээж цаанаа том шалтгаантай.


Хүн бүхний сонирхолыг татдаг ч хамгийн нууц хаалттай бүс болох цагаан ордны дотоод амьдралыг тольдон харах сайхан боломж олголоо.


•Эцэст нь тэд тэнгэрээс бууж ирээгүй, эгэл жирийн амьдралын зовлон жаргал туулж, алдаж онож өнөөдрийн энэ амьдралаа бүтээжээ. Хүн бүхэн ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болох боломж хувь заяа үгүй ч хүн бүрт өөрийнхөө хувь заяаны эзэн нь байх, бүтээн босгосон амьдралынхаа ерөнхийлөгч, тэргүүн хатагтай байж чадах тийм зам бол нээлттэй.