Мьянмарын Ракхайн хэмээх мужид рохинья гэх шашны цөөнх оршин суудаг. Тэд Исламын шашны дагалдагчид боловч тус улсын хүн амын дийлэнх нь Буддын шашинтай юм. Рохиньячууд шигүү суурьшдаг Рахкайд ч хүртэл буддистүүд эрх дархтай ажээ. 

Мьянмарын эрх баригчид рохиньячуудыг хөрш Бангладешаас ирсэн хууль бус цагаачид гэж үздэг учир Ракхайн оршин суугчдад иргэншил олгодоггүй. Гэвч 1942 онд болсон хядлагын дараа исламчууд олон мянган буддын шашинтныг хөнөөсөн юм. Орчин цагийн түүхэн дэх Рохинья болон Бирмийн мөргөлдөөн хэдэн арван жил үргэлжилж байна. 

Рохиньягийн дайчид энэ зун цагдаа нар болон хилийн постын эсрэг хэд хэдэн халдлага үйлдсэн. Үүний хариуд эрх баригчид байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. 

Казахстаны цахим сонин “Vlast”-д тус улсад болж буй асуудал, хүний эрх зөрчигдөж байгаа тухай нарийн мэдээлэл нийтэлснийг орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн сарын 25-нд Бирмийн хойд хэсэгт байх Ракхайн мужийн нөхцөл байдал хурцадмал хэлбэрт шилжлээ. Рохинья цагаачид гэр орноо орхин Бангладешийн хилийг давахаар явжээ. Хилийн чанад руу 90 мянга орчим хүн явж байгаа бөгөөд тэднээс олон арав нь Наф голд живсэн аж.

Тэд ийнхүү дүрвэх болсон нь Бирмийн армиас явуулж байгаа байцаан шийтгэх ажиллагаанаас үүдэлтэй гэж шинжээчид дүгнэсэн. Сүүлд гарсан мөргөлдөөнд наанадаж 400 хүн амиа алдсан гэж мэдээлсэн ч бодит тоог дарсан байх магадлалтай.

Мьянмар – Энэтхэг, Хятадын хойгт орших Их Британийн колони асан улс. Хүн амын дийлэнх нь Буддын шашинтай, гэвч үүнээс гадна 135 төрлийн үндэсний цөөнх байдаг аж. 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш дотооддоо талцаж, одоог ч хүртэл сөргөлдсөөр буй. Сүүлийн жилүүдэд Мьянмарын Засгийн газар зэвсэгт 15 цөөнхийн бүлэглэлтэй эвлэрлийн санамж бичигт гарын үсэг зурж, найман бүлэглэлтэй тэмцлээ үргэлжлүүлж байна.

Ракхайн муж – Бенгалийн тохойг даган, Бангладешийн хойд нутагт орших хавчиг нутаг. Мьянмарын бусад нутгийн л адил Ракхайн нь гомогеннээс хол, Буддын, Исламын, Христийн гэх мэт 15 шашны цөөнх оршин суудаг. Бангладешийн хилтэй ойролцоо бүсэд нь Исламын шашин давамгайлсан. 

Ракхайн бол тусгаар тогтнол, хараат бус байдлын төлөө улс төрийн болон дайны тэмцэл олон жил өрнүүлж буй газар нутгуудын нэг. Нөгөөтэйгүүр, дотооддоо хамгийн ширүүн тэмцэл өрнүүлж байгаа нь тэд, учир нь Засгийн газар зөвхөн тэднийг л олон цөөнхтэй Мьянмарын иргэд биш гэж үздэг ажээ.

Рохинья – Нэг сая орчмоор тоологдох Исламын цөөнх. Бирмийн буддистүүд тэднийг энэ нэрээр биш, “бенгалууд” хэмээн нэрлэдэг байна. Энэ нь Бенгалийн тохойноос ирсэнтэй нь холбоотой гэнэ. Бирмийн үндсэрхэг үзэлтнүүдийн хэлж буйгаар “рохинья” гэдэг нь хэн нэгний бодож олсон ойлголт болохоос үнэн хэрэгтээ бол Их Британи дахь исламын шашинтай энэтхэгчүүд XIX зуунд Бирмд оруулж ирсэн зүйл гэж үздэг. 

Рохиньячууд болон буддистүүд харилцааны түүх тун ярвигтай. Дэлхийн II дайны үед рохиньячууд Их Британийн талд, харин буддистүүд японы армийн хамтаар тулалдаж байв. Тухайн үеийн төрийн тэргүүн, тусгаар тогтносон Бирмийн анхдагч Аун Сан буюу Аун Сан Су Чигийн эцэг рохиньяг хараат бус болгож, тэгш эрх өгнө гэж амлажээ. Дайны дараа, 1962 оны цэргийн эргэлтийн өмнө Бирмийн Засгийн газарт олон рохинья өндөр албан тушаал хашиж байсан. 

Цэргийн хунт төрийн эрхэнд гарсны дараа дарлал, ялгаварлан гадуурхах явдал ихэсжээ. Рохиньячууд одоо ч Бирмийн иргэншил авах эрхгүй, нийгмийн үйлчилгээ авах эрхгүй, төрийн мэдлийн боловсролын аль ч байгууллагад орохыг хориглосон. Бирмийн хамгийн өндөр мэдлэг боловсролтой сэхээтнүүдийн дунд ч рохиньячуудыг чиглэсэн хүчирхийлэл их гардаг аж. Өнгөрсөн хугацаанд үндэстэн ястны мөргөлдөөн олон гарч, 2012 онд гэхэд хагас сая орчим Рохинья дүрвэгсэд Бангладешт орогнож буй. Гэвч Бангладеш хүчин чадлыг нь дийлээгүйн улмаас тэн хагас нь Австралид очихыг завдаж, олон зуу нь амь эрсдэжээ. Рохинья иргэншилгүй хүний тоогоор дэлхийд тэргүүлдэг гэж НҮБ-аас тодорхойлсон.

Өнгөрсөн сарын өглөө Араканы рохинья аврагч арми (ARSA) гэгч нь Бирмийн захиргааны цагдаагийн пост руу урьдчилан төлөвлөсөн дайралт хийсэн. Тэд хилийн хэд хэдэн харуул, цагдаагийн амийг егүүтгэж, зэвсгийг нь хулгайлжээ.

ARSA бүлэглэлийг Карачигаас гаралтай Ата Улла гэгч удирддаг. Мьянмарын Засгийн газар түүнийг Пакистан дахь талибанудын армид бэлтгэгдэж, Саудын Арабын нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэдэг. Мьянмарын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аунг Хлайн хил дагуух бүс нутгийг цэвэрлэх ажиллагааг тэргүүлдэг байна. Тэрбээр үүнийгээ “Дэлхийн II дайны үеэр дуусгаж амжаагүй ажлыг гүйцэлдүүлж байгаа хэрэг” хэмээдэг аж. Энэ бол тус улсын зэвсэгт хүчин болон цэргийн сэхээтнүүдийн явуулж буй ажиллагааны гол үзэл санаа. Тэд 1942 оны хэрэг давтагдахаас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн.

Мьянмарын дипломатууд болон хэвлэл мэдээлэл ARSA-гийн гол зорилго бол Бангладеш, Мьянмарын дунд “Исламын эзэнт гүрэн” байгуулах гэж тэмдэглэсэн байдаг. 

Рохиньягийн хэт даврагсдын хийсэн дайралт Бирмийн армийг асуудлыг шийдэх “сүүлийн алхам”-ыг авч хэрэгжүүлэхэд хөшүүрэгдсэн. Хиймэл дагуулаас авсан дүрсээс харахад тосгодыг бүхэлд нь шатаасан байжээ. Харин Бирмийн эрх баригчид хэт даврагсад тосгоноо шатаасан гэх тайлбар хийсэн аж. 

Нөгөөтэйгүүр, Ракхайнд амьдардаг 12 мянга орчим буддистүүдийг чиглэсэн халдлага ч тоогүй олон болж, сүм хийдүүд хаагдахад хүрчээ.