Мьянмарын Ерөнхийлөгч У Тин Жо огцрох өргөдлөө өгчээ. Тэрбээр төрийн тэргүүний албан тушаалыг хоёр жил хашсан юм.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, өдгөө 71 настай У Тин Жо амралт авахын тулд ийм шийдвэр гаргажээ. Өмнө нь хэвлэлүүд У Тин Жог эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа чөлөөгдөж байгаа тухай мэдээлж байсан хэдий ч эрх баригчид уг мэдээллийг няцаасан байна.

Сүүлийн 50 жилд анх удаа зохиолч, эрдэмтэн хүн улс орны удирдагчаар сонгогдсон нь У Тин Жо юм. Түүний өмнөх бүх удирдагчийг цэргийн шилдгүүд төлөөлдөг байжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг