Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны захирал О.Орхон, "Монголын зэс корпораци" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилж, байцаалт аваад буй.

"Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатараас мөн тус асуудлаар мэдүүлэг авахаар Эрүүгийн цагдаагийн албанд дууджээ.

Түүнийг Эрүүгийн цагдаагийн албанд ирэх үед нь болж буй асуудлын талаар тодруулахад "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүргийн дагуу өнөөдрийн үйл явц болж байна гэж ойлгож байна. Хуулийн байгууллага хараат бусаар ажиллах ёстой. Тэгэж ажиллана гэж найдаж байна. Өнөөдөр бидэнд ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Өчигдрийн тавилттай мэдээллийн дагуу өнөөдрийн үйл явц болж байх шиг байна. Намайг ирж мэдүүлэг өг гэсэн. Тэрнийх нь дагуу ирлээ. 

Манай компанийн зүгээс улсаас ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Албан ёсоор дахин хэлье. Төрөөс нэг ч төгрөг аваагүй гэсэн Монгол Улсын Сангийн яам, Хөгжлийн банк, Монголбанкны албан тоот бичгүүд байгаа. Тэр албан бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараана. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь цагдаагийн байгууллагынханд үүрэг өгөөд санаатайгаар энэ үйл явц руу тохож байна. Энэ үйл явц сүүлийн 2 жилийн хугацаанд шалгагдаж байгаа. Бидэнд материал нуусан, зугтсан зүйл байхгүй. Өнөөдөр ч би өөрөө мэдүүлэг өгөхөөр ирж байна. Өмнө нь 4-5 удаа ирсэн. Ц.Пүрэвтүвшин захирал иоүү олон удаа ирсэн байх. Бид санхүүгийн бүх мэдээллээ төрийн байгууллагад гаргаж өгсөн. 

Энд бол төр маань системтэйгээр хувийн байгууллага руугаа дайрч буй процесс болж байна. Д.Эрдэнэбилэг бол Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга. Манай компани тус банктай зөвхөн зээлийн харьцаатай. Тэр банкнаас зээл авсан. Өнөөдрийн байдлаар зээл өгсөн байгууллага нь буруутаад явж байна гэж ойлголоо. Төрийн байгууллага өөрөө үнэн зөв, шударгаар ажилладаг бол 1-2 хоногийн дараа энэ асуудал тодорхой болох байх. Хурдан тодорхой болоосой. 

ЖДҮ-тэй нэр холбогдсон хүмүүсийг одоо шалгах ёстой. Гэтэл үүнийг дарахын тулд өнөөдрийн ажлыг хийж байна гэж хардаж байна. Эрдэнэт үйлдвэр Стандарт банкинд өрөнд орсон байгаа. Энэ өрөнд орсон процесс нь одоо эрх барьж буй намыг өмнө нь эрх барьж бай үед бий болсон. Энийг яагаад хэн ч ярихгүй байгаа юм. Ярих ёстой эдгээр зүйлүүдээ дарахын тул өнөөдрийн процессыг хийж байна" хэмээлээ.