Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч А.Жуков нар 2 улсын олимпийн хороод цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд 2 улсын олимпийн хороод спортын болон техникийн тал дээр туршлага хуваалцах, баг тамирчид болон багш дасгалжуулагчид, экспертүүд харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм. 

ОХУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн А.Жуков энэ үеэр хэлэхдээ “ОХУ болон Монгол улс эртнээс нааш найрсаг харилцаатай, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байсан арвин түүхтэй билээ. Спортын салбар, олимпийн хөдөлгөөнийг илүү өндөр түвшинд хүрэхэд бүх талаар тусалж дэмжин, туршлага солилцон үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв. 

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Дэлхийн спортын хамгийн хүчирхэг улсуудын нэг ОХУ-ын ҮОХ-той хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй нь манай улсын хувьд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд цаашид олон төсөл хөтөлбөрүүд, хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн гарын үсэг зурсны дараа хэлсэн юм.

 undefined

Чехийн Прага хотноо явагдаж буй ANOC буюу Үндэсний Олимпийн Хороодын 22-р чуулганы үеэр энэхүү санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа явагдсан бөгөөд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон ОХУ-ын ҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Поздняков нар байлцав. Сонирхуулахад, өнгөрсөн жилээс ҮОХ-ныхоо тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон С.Поздняков туялзуур сэлэмний спортын төрлөөр олимпийн наадамд 4 удаа, дэлхийн аваргад 10 удаа түрүүлж байсан алдарт тамирчин билээ.

Монголын Үндэсний олимпын хороо