"Транспэрэнси интернэшнл"  Олон улсын байгууллагаас жил бүр Авлигын төсөөллийн индексийг дэлхий даяар нэгэн зэрэг зарладаг. 

Авлигын төсөөллийн индекс нь тухайн улс орны төрийн салбарын авлигыг дүгнэсэн экспертүүдийн үнэлгээнд үндэслэдэг бөгөөд авлигад өртсөн байдлыг 100 хүртэлх оноогоор дүгнэдэг.

Энэ жилийн хувьд манай улс 100 онооноос 37 оноо авч 180 орноос 93 дугаар байрт жагссан байна. Өнгөрсөн жилийн хувьд манай улс 38 оноотойгоор 87 дугаар байрт орсон юм.

Харин хамгийн өндөр оноотой буюу авлигагүй орнуудад Дани улс 88  авч нэгдүгээрт орсон  бол Шинэ Зеланд улс 87 оноогоор  хоёрдугаарт оржээ.

"Транспэрэнси интернэшнл"  Олон улсын байгууллага "Олон улс орнуудад популист улс төрчид эрх мэдлийг гартаа авч, ардчиллын институциуд суларч ардчилалын эсрэг ил тод алхам хийж байна. Популист удирдагчдын 40 хувь нь авлигын эсрэг гэмт хэрэгт холбогдсон байдаг" хэмээн онцоллоо. Учир зарим орнуудын алдартай авлигын хэргүүд ардчилалд итгэх, иргэдийн итгэлийг сулруулж түүн дээр дөрөөлсөн улс төрчдийг гаргаж ирсэн байдаг ажээ.

Ийнхүү нэг байраар ухрахад Монгол Улсын шүүх засаглалын шударга бус байдал хамгийн их нөлөөлсөн гэж эдийн засагч Д.Жаргалсайхан онцоллоо. Тэрбээр,

АТГ өнгөрсөн онд 220 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ханджээ. Гэтэл дөнгөж 80 хэрэг нь л шүүхэд шилжээ. Өмнөх жил нь мөн л ийм зүйл давтагдсан Дөнгөж гуравны нэг нь шүү дээ. Үүний цаана Монгол улсад гарч байгаа авлигын гэмт хэргийг прокурор үл ойшоож байгаа нь илт харагдана. Энэ бол манай улсад авлигачид ял шийтгэлгүй өнгөрдөг, ядуу засаглалтай, сул дорой институцтай байдлаа харуулж байна гэсэн үг. Мөн төрийн захиргааны бүтэц нь сонгуулиас сонгуульд өөрчилдөг, яамдын бүтцийг сайд нартаа тохируулж өөрчилдөг зэрэг манай оноог авлигын эсрэг доош чангаасан.  Монгол улсын нам, түүнийг санхүүжүүлэгч, ЖДҮХС-ийн зээлийг авч байгаа хүмүүст Монгол улсын шүүх, хууль дүрэм үйлчилж байна.Тийм учраас төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлдэг интитуциудын үйл ажиллагаа тогтворгүй, дэлхийн дунджаас үлэмж доогуур гардаг.

Иргэний нийгмийн төлөөлөл, эдийн засагч Б.Мөнхсоёл: 


Энэ жилийн судалгаанаас харахад авлигын түвшин болон эрүүл ардчилал хоёр шууд хамааралтай нь батлагдсан. Өөрөөр хэлбэл авлига ихсэх тусам ардчилал нь суларч, улс төрийн эрх чөлөө нь буурч байдаг. Тухайлбал Турк улс гэхэд 41 оноо буурч хагас эрх чөлөөт гэдгээс эрх чөлөөгүй гэдэг ангилалд шилжсэн. Учир нь Туркийн ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлэн ардчиллаа сулруулж, иргэд, ард түмний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, авлигын эсрэг жагсан цуглах боломжийг нь хязгаарласан. Мөн тус улсын жишээ дээр сул ардчилалтай улс оронд эрх мэдэлтнүүд албан тушаалтайгаа зууралдаж, ял шийтгэлээс зугатах замыг сонгодог болохыг харуулсан. Унгар улс ч энэ жишээг давтаж байгааг судалгаа харууллаа. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан намын нөхрөө улсын прокуроор томилж, Авлигын эсрэг шүүх байгуулсан ч бүтцийг нь дэмжигчдээрээ бүрдүүлсэн. Дэлхийн өөрчлөлтийн Тони Блэйр институцийн тайланд дурдсанаар популист удирдагчид ардчиллыг сулруулж, хяналт тэнцвэрийг алдагдуулан хувь хүний эрх чөлөөнд халддагийг онцолжээ.Монгол улсын зээлжих зэрэглэл өссөн, бондын өрийг дарж байгаа, өрийн үзүүлэлт багассан нь зарим нэг макро эдийн засгийн үзүүлэлт эерэг гарахад нөлөөлсөн. Гэсэн хэдий боловч авлигатай тэмцэх тал дээр эерэг үзүүлэлт гарсангүй. 


Энэ жилийн судалгааг дүгнэж "Транспэрэнси интернэшнл" байгууллагын Патрик Мореро,

"Дэлхийн олон улсад популист, дарангуйлагч удирдагчид ардчилалд заналхийлж байна. Тэд ардчиллын чухал тулгуур сууриудын ганхуулснаар хараат бус шүүхийг сулруулж, авлига нь чөтгөрийг тойрог бий болгосон нь авлигыг хянаж чадахгүйд хүрч байна" хэмээн хэлжээ.

Яг үнэндээ популист удирдагчид авлигын эсрэг уриа лоозон дэвшүүлдэг ч тэр нь бодит бус шийдэл учраас авлигатай тэмцэх институцийг үнэгүйдүүлдэг талаар ч дурьдлаа.  

Авлигыг зогсоох шилдэг арга бол :

  • Улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институцуудыг бэхжүүлэх, түүг дотроо шүүх засаглалын  хараат бус байдлыг хангах
  • Авлигын эсрэг  хууль ба авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд гарч буй завсардал бэрхшээлийг арилгах
  • Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төвийн болон орон нутгийн хэмжээнд бэхжүүлэх
  • Хэвлэлийн эрх чөлөөг хангаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах 

Авлигын индекс өндөр ба бага оноо авсан орнуудын  Ардчиллын байдал 

* Авлигын индекс өндөр оноо авсан  орнуудад дараахь нийтлэг зүйлс байна. Хуулийн засаглалтай, шударга прокурорын газар , шударга аудит,  хараат бус хүчирхэг хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмтэй байна.

* Авлигын индекс бага  оноо авсан  орнуудад  дараахь нийтлэг зүйлс байна. Улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал,  хэвлэлийн эрх чөлөө бага ба хуулийн засаглал сул байна. 

* Авлигын индекс бага  оноо авсан  орнуудад  хуулийг  хэрэгжүүлдэггүй ба ардчиллын ба авлигын эсрэг ажиллах институцуудын  хуулийн орчин сул, хүний ба санхүүгийн нөөцгүй, авлигын хэргүүдийг  илрүүлэх, ял оноох чадваргүй байна. Мөн дээрх орнуудын  ардчиллын  ба авлигын эсрэг ажиллах институцууд нь хоорондоо зөрчилтэй, засаглал  нь сул, хүний нөөц нь тогтворгүй байснаар авлига нь өндөр байна.

Авлигыг бууруулж ардчилсан засаглалыг бэхжүүлэх дараах гол зөвлөмжүүдийг улс орнуудад хүргэж байна, үүнд:
- Улс төрийн хяналт ба тэнцвэрийг тохируулагч институцүүдийг бэхжүүлэх, түүн дотор шүүх засаглалын  хараат бус байдлыг хангах:
- Авлигын эсрэг  хууль ба авлигын эсрэг стратегийн хэрэгжилтэд гарч буй завсардал бэрхшээлийг арилгах;
- Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудыг төв болон орон нутгийн түвшинд бэхжүүлэх;
- Хэвлэлийн эрх чөлөөг хангаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах.