2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Индонезийн Бали хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон Бүгд хуралд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид оролцож байна.

ARIN-AP сүлжээ нь 21 гишүүн улс болон 8 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах, гадаад улсад байршуулсан хууль бус хөрөнгийг буцаахтай холбоотой асуудлаар гишүүн орнуудынхаа хүрээнд мэдээлэл солилцох, албан хаагчдын чадавх сайжруулах сургалт, семинар зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг.

11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан Удирдах зөвлөлийн хуралд манай төлөөлөгчид  оролцож тус сүлжээний 2019 оны даргалагч улсад нэрээ дэвшүүлэхийн зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааг танилцууллаа. Хурлаас Удирдах зөвлөлийн 9 гишүүний нэгээр Монгол Улсыг сонголоо.   

Удирдах зөвлөлд Монгол Улсаас гадна Австрали, Шинэ Зеланд,  БНСУ, Япон, Тайланд, Индонез улсууд болон НҮБ-ын Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (CARIN) гишүүнээр, Дэлхийн банк ажиглагчийн статустай оролцдог юм.

Мөн өнөөдөр эхэлсэн Бүгд хуралд Монгол Улсыг төлөөлж Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Азжаргал “ARIN-AP сүлжээг үр дүнтэй ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.