ВЛАДИВОСТОК. /TASS/. Монгол Улсын эрх баригчид ОХУ-ын Приморийн хязгаарт худалдааны төлөөлөгчийн газраа энэ онд нээхээр төлөвлөж байгаа тухай тус хязгаар нутгийн засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.


Мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын Ерөнхий консул Д.Чадраабал, Приморийн хязгаарын дэд захирагч Константин Богданенко нар Улаан-Үд хотноо уулзсан байна. “Бид зохион байгуулалтын асуудлуудыг хэдийнэ шийдсэн, одоо худалдааны төлөөлөгчийн газар байрлах байрыг сонгож байна. Ийм газар нээснээрээ Монголын үйлдвэр эрхлэгчид шинэ зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой болохын сацуу Приморийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болно. Энэ нь манай хоёр улсын болон бүс нутгуудын хоорондын худалдааны хөгжилд түлхэц өгнө” гэж Монгол Улсын Ерөнхий консул хэлснийг Приморийн хязгаарын засаг захиргааны хэвлэлийн алба уламжилсан байна.


Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг 2019 онд нээхээр төлөвлөжээ. Талуудын хоорондын худалдааны эргэлтийн хэмжээ бага хэвээр байгаа юм. 2018 онд Приморийн хязгаараас Монголд 5.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол Монголоос ердөө 3000 ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.


Уулзалтын үеэр хэлэлцсэн бас нэг сэдэв бол олон улсын оюутан солилцооны хөтөлбөр байв. Ерөнхий консулын хэлснээр, хэдийгээр Монгол Улс далайд гарцгүй улс боловч манай улсын далбаан дор худалдааны зуу гаруй хөлөг онгоц үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улс "далайн" мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх сонирхолтой байгаа бөгөөд тэднийг Владивостокт сургахаар төлөвлөж байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг