ХДХВ, ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр маргааш болох гэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр ДОХ-ын вирустэй хүний эмчилгээг Засгийн газраас бүрэн дааж, нэг хүнд жилд таван сая төгрөг зарцуулж ирсэн талаар танилцууллаа.

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ундармаа:Сүүлийн жилүүдэд ХДХВ, ДОХ өвчний талаарх тоо баримт, хандлага харьцангуй эерэг болж байна. Хэдий чинээ эрт буюу халдварыг тээж явах үед эмчилгээнд хамруулж чадах юм бол тухайн хүн заавал ДОХ-ын шалтгаант өвчнөөр хүндрэхгүй байх боломжтой болсон. Өнгөрсөн жил гэхэд дэлхий дахинд 21 сая хүнийг эмчилгээнд хамруулсан. Ингэснээр ДОХ өвчний насбаралтын тоо анх удаа 1 саяас доош буюу 940 мянга болж буурлаа. Өмнө нь 2010 онд 2.1 сая нас баралт бүртгэгдэж байсан юм.

Манай улсын хувьд ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд багтаж байна. Цус, цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр, эхээс хүүхдэд энэ төрлийн халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. Манай улсад 1992 онд ХДХВ, ДОХ-ын халдварын анхны тохиолдлыг бүртгэж, одоогоор 267 тохиолдлыг илрүүлээд байна. Одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-ын халдварын улмаас 42 хүн нас барсан. Нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насныхан эзэлдэг.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:

2017 онд ХДХВ, ДОХ-той гэж бүртгэгдсэн тохиолдлын 44 хувь нь ДОХ-ын хожуу үедээ оношлогдсон. Тэдний дунд өвдөж эмнэлэгт хандсанаас гадна сайн дурын илрүүлгээр илэрсэн нь ч бий. Монголд ХДХВ, ДОХ-ын халдвартай байж болзошгүй 653 хүн бий. Үүнээс 38,4 хувийг л илрүүлээд байна. Одоо манай улсад эрт илрүүлэг дутагдалтай байна. Тиймээс бид түргэвчилсэн оношилгоог нэвтрүүлэхийг зорьж байна. Дэлхий дахинд шүлсээр ДОХ-ын халдвартай эсэхээ өөрөө оношлох боломжтой болсон. Энэ тестийг шүлсээр арчсанаар хоёр зураастай гарч байвал ДОХ-ын халдвартай гэсэн үг. Жирэмсний тест шиг зүйл. Монголд оруулж ирэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч нэвтрүүлэх тал дээр ажиллана