УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн "Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,219.9 сая төгрөгөөр, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон.

Харин:

  • Хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, 
  • Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, 
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, 
  • Улсын Их Хурлын Тамгын газрын урсгал зардлыг 3,050.0 сая, 
  • Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, 
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг 8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болсон. 

Мөн:

  • Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, 
  • Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд 5 тэрбум, 
  • Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум, 
  • Нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж 4 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болсон" гэдгийг хэллээ.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.

Монгол Улсын төсөвт 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,353,673.5 сая төгрөгөөр баталлаа. Харин Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын (тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн) хэмжээг 9,406,581.7 сая төгрөгөөр батлав.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр:

  • 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,553,399.2сая төгрөгөөр, 
  • Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144,699.2сая төгрөгөөр тус тус батлав. 

Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу:

  • Төсвийн тогтворжуулалтын санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322, 000.0 сая төгрөгөөр баталлаа. 
  • Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,169,099.9 сая төгрөг байхаар батлав.

Түүнчлэн Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг баталсан юм. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн хэмжээг хавсралтаар тус тус баталлаа.

Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 90.5 хувь буюу 38 гишүүний саналаар бүхэлд нь баталлаа.