Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр эцсийн замд нь үдлээ.

Энэ цагийн сод хүмүүн Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч тэрбээр Урвуулагч хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө таалал төгссөн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зарлигаар түүнийг эцсийн замд нь үдэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж, өнөө өглөө Улсын драмын эрдмийн театраас гаргалаа.

Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Талийгаачийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нь нутаглуулах юм.

Ум сайн амгалан болтугай.

Монголчууд бидэндээ эргэн төрөөрэй.