Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2018 онд эрүүгийн 12551 хэрэг, иргэний 48155 хэрэг, захиргааны 1638 хэрэг, нийт 62344 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12904 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Мөн 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42.0 хувиар, иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсч, захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна.

Тоймоос үзэхэд залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна.Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсөв.

•Хүчиндэх гэмт хэрэг 91 хэргээр буюу 47.6 хувиар;
•Дээрэмдэх гэмт хэрэг 116 хэргээр буюу 62.7 хувиар;
•Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 11 хэргээр буюу 3.2 хувиар;
•Хулгайлах гэмт хэрэг 137 хэргээр буюу 9.7 хувиар;
•Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 290 хэргээр буюу 39.7 хувиар;
•Залилах гэмт хэрэг 180 хэргээр буюу 65.8 хувиар;
•Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 43 хэргээр буюу 50.6 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурчээ.

•Хүнийг алах гэмт хэрэг 18 хэргээр буюу 9.2 хувиар,
•Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг 1 хэргээр буюу 1.18 хувиар


Гэмт хэргийн улмаас 14053 хүн, 127 төрийн байгууллага, 99 компани, 1 нөхөрлөл, 3 төрийн бус байгууллага хохирсон байна.
Ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн тоо өсөв


Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 2922 хэрэг буюу 6.5 хувиар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг, маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 197 хэргээр буюу 4.3 хувиар хувиар өссөн бол, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 429 хэргээр буюу 19.4 хувиар, Нийгмийн даатгалын багц хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 71 хэргээр буюу 17.6 хувиар, Татварын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 59 хэргээр буюу 21.5 хувиар тус тус буурсан байна.
Харин ажилласан жил тогтоосон хэргийн тоо 3750 хэргээр буюу 47.3 хувиар өссөн дүнтэй байна.

Газрын маргааны тоо өсч, төрийн албаны маргааны тоо буурав


Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 49.2 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 41.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 10.4 хувиар, татварын маргаан 23.3 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 24.1 хувиар тус тус буурсан бол төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан, газрын маргаан 11.8 хувиар 19.2 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 22.8 хувиар, тус тус өссөн үзүүлэлттэй байна.