Монгол хүний сэтгэхүй, олон мянган жилийн үүх түүхийн үзэсгэлэн эд эс бүхэнд нь шингэсэн брэндүүд манайд бий болсоор байна. Тэдний зорилго том, хараа тод. Бүтээгдэхүүнийхээ чанар, Монголын нэр хоёрыг дотоодод төдийгүй олон улсад гаргаж яваа таван томруун брэндийг бид онцолж байна. 

Доорхи нь олон улсад өрсөлдөх чадвартай Монгол брэндүүд билээ. Дээд зэрэглэлийн хийц, чанар, үр дүн, сэтгэл ханамж гээд тэдний амалж чадах зүйл мундахгүй олон. 

1. "Seaberry"

“Seaberry Farm Project” компани Төв аймгийн Алтанбулаг суман дахь чацарганы аж ахуйг түшиглэн 2013 онд байгуулагдсан. Дэлхийн бренд болох зорилго тавьсан эл компани Сингапур болон Индонезийн олон улсын стандарт хангасан үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Seaberry Америк, Солонгос, Хятад, Тайвань, Герман, Япон руу бүтээгдэхүүнээ экспортолж, олон улсаас эерэг үнэлгээ авсаар буй. 

2016 оноос Seaberry Солонгосын тэргүүлэх Cosmax компанитай хамтран бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхээр ажиллаж байна. Seaberry фарм чацарганы анагаах шинж чанарыг агуулсан олон улсын стандартад нийцсэн, гоо сайхны төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргадаг. Тэдний бүтээгдэхүүн нэн хуурай цаг агаартай нөхцөлд үр дүнтэй бөгөөд парабены хольцгүй гэдгээрээ онцлог. 

  • Seaberry хөөсөн саван арьсны гүнд нэвчиж гадны бохирдол, будагны үлдэгдлийг арилгаж, илүүдэл тосыг цэвэрлэнэ. 
  • Seaberry нүүрний гуужуулагч арьсыг гүн цэвэрлэж, үхэжсэн арьсны эсүүдийг гуужуулна. Мөн зөөлөн, булбарай, торгомсог болгоно.
  • Seaberry усан тоник арьсны өнгийг сэргээж толигор, гэрэл цацарсан мэт харагдуулна. Мөн булбарай болгож, гүн тэжээл өгч, нөсөө толбыг бүдгэрүүлнэ.
  • Seaberry нүүрний ийлдэс арьсны коллагены үйл ажиллагааг дэмжиж, арьсыг цайруулж, үрчлээг багасгана. Гэмтлийг эмчилж, эрүүлжүүлж хамгаална.
  • Seaberry нүүрний чийгшүүлэгч тос арьсыг хөгшрүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг багасгаж, уян чанарыг нь нэмэгдүүлнэ. Арьсыг чийгшүүлнэ.
  • 100% органик чацарганы тосны найрлагатай, олон төрлийн витамин болон омега хүчил агуулсан нүүрний саван. Будаг арилгаж цэвэрлэн тослог байдлыг тэнцвэржүүлнэ. Мөн арьс хамгаалах болон төлжүүлэх онцгой чанартай.

Үнэ: ₮288,000


2. "Таван Нүдэн"

“МИНПРО” буюу Mongolian Innovative Products компани 2016 онд байгуулагдсан. "Монгол алтан", "Монгол мөнгөн", "Ав алтан хутга", "Ав хутга", "Өв хутга" нэртэй таван төрлийн алт, мөнгө, зэс хутгатай. Онцлох бүтээгдэхүүн нь "Ав алтан хутга" бөгөөд Монгол ав сэдэвтэй зургийн дүрслэл, Таван нүдэн бэлгэдэл болон Ав калиграф сийлбэрт бичээстэй. Дэлхийд гайхагдсан Златоустын дархчуудын ураар хийж, 999.9 сорьцтой алтаар сийлбэрлэн буулгасан нь энэхүү бүтээгдэхүүний гол онцлог юм.

Өндөр их эцэг өвгөдийн үеэс хүндлэн дээдэлж бэлгэдэж ирсэн буган чулууны уран гоёмсог бугын дүрслэл, хээг гуулиар цутган ховор нандин модон ишний ангилалд ордог хушны ургацагаар хослуулан ишилсэн нь “Ав” хутганы алтан загварыг илүү уран тансаг болгожээ.

Үнэ: ₮1,800,000


3. "Monalun"

Monalun брэнд 2008 онд үүсгэн байгуулагдаж 2015 он хүртэл тусгай загвар захиалгын урлан байжээ. Түүнээс хойш захиалгаас гадна жилд хоёр коллекци гаргаж эхэлсэн. Тэд ямар нэг зүйлд баригдалгүй, коллекци бүрээ тусгай сэдвээр гаргадаг. 2017-2018 оны намар, өвлийн коллекцийн сэдэв нь гэхэд л хүчирхэг, ажил хэрэгч эмэгтэйг харуулсан гэнэ. Monalun хувцсаа бүсгүйчүүдийг өдөр тутамдаа өмсөөд өөртөө итгэлтэй, нүүр бардам явахад зориулан урладаг. 

Тус брэндийг үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл хувьсах чанартай хувцас хийхийг эрмэлздэг. Тухайлбал, өдөр нь ажилдаа өмсөөд, орой нь зүүлт зүүгээд л хүнээс дутахааргүй харагдах боломжтой даашинз байж болно. Шинэ коллекцийн онцлох бүтээгдэхүүн бол хурганы арьстай, савхин хүрэм юм. 

Үнэ: ₮2,500,000-3,500,000


4. "Шигүдэри"

ГУМ компани "Шигүдэри сүүн сархадаар дэлхийг дайлая" уриатайгаар дээд зэрэглэлийн шимийн архи үйлдвэрлэжээ. Бүтээгдэхүүний 20 гаруй жилийн хугацаанд спирт, сүүний технологичдийн хийсэн судалгаанд үндэслэн хийсэн. Өвөг дээдсийн олон зуун жил хэрэглэж ирсэн сүүнээс гаргаж авдаг шимийн архи дэлхийд ганц байдаг технологи. Технологи нь цэвэр малын гаралтай учраас химийн болон спиртийн нэмэгдлүүдийг ургамлаас гарган авдаг. Ганц ч дусал хэрэглээний ус ороогүй, дан сүүгээр хийсэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Үнэ: ₮89,000


5. "Байгал"

Байгал брэнд 2014 онд үүсгэн байгуулагдсан. Монголын түүх соёл, уламжлалт бэлгэдэл зүйг тусгасан гүн утга агуулга бүхий хээ угалзаас санаа авч бүтээгдэхүүнээ хийдэг. Тус брэндийн Монгол түмний хийморь бэлгэдэл болсон морин хуураас санаа аван урласан “Төвөргөө” коллекцийн “Cutlery Set Limited Edition”-ийг танилцуулж байна.

Олон улсын стандартаар 32 микроны зузаантай мөнгөөр бүрхсэн бүтээгдэхүүнд 100 жилийн баталгаа өгдөг. Харин “Төвөргөө” иж бүрдэл нь 36 микроны зузаантай бөгөөд насан туршийн баталгаа болох бат бөх чанартай. 

Үнэ: ₮2,714,000 (1 хүний сет)