“Монгол Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг” өнөөдөр нээлтээ хийлээ. Япон улсад суралцах сонирхолтой оюутан залуус болон Япон улсад суралцаад ирсэн боловсон хүчнийг ажилд зуучлах зорилготой уг яармаг энэ жил ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна.  

Энэ өдөр Японы чансаатай 20 гаруй их дээд сургууль, коллежийн төлөөлөгч нар хүрэлцэн ирж өөрсдийн сургуулиа танилцуулж үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байв. Зохион байгуулагч Мэргэжил, боловсролын мэдээлэл судалгааны төвийн менежер Х.Солонго “Япон руу сурах оюутан, сурагчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ жил сургалтын урамшуулалтай хөтөлбөр, зээлээр суралцан ажиллах боломжийг олгож байгаагаа онцлог” гэв.  Элсэлт авч байгаа их дээд сургуулиудын хувьд Монгол оюутнуудад ам сайтай байдаг аж. Ханз үсгийн талаар ойлголтгүй ч жилийн дараа маш сайн сурдаг гэж “Global Trust networks” компанийн төлөөлөгч ярьж байлаа. 

Сургуульдаа элсэлт авахаар их дээд сургуулийн багш, мэргэжилтэн хүрэлцэн иржээ. Тухайлбал Фүкүокагийн гадаад хэл мэргэжлийн сургууль, Ийст Вест хэлний сургууль, Вүнка загварын сургуулиуд танилцуулгаа хийсэн юм.

Эдгээр сургуулиудад суралцахад жилийн төлбөр нь нэг сая 400 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлздэг гэнэ. Давуу тал нь сурангаа ажиллах боломжийг олгодог. Эдгээр сургуулиуд долоо хоногт 28 цаг ажиллах албан ёсны зөвшөөрлийг оюутнуудад олгодог ажээ. Энэ нь дунджаар сардаа хоёр сая гаруй орчим төгрөг юм. Оюутнуудын хувьд төлбөрөө төлөөд явчихвал энэ нь байр, хоол, утасны төлбөрт хангалттай хүрэлцэхээр орлого аж. Хэрвээ сайн суралцвал сургуулийнхаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог байна. 

Насны хувьд 34-өөс доош байвал давуу тал болдог гэнэ. Учир нь  тэтгэлэгээр суралцах оюутан Монгол дахь Элчин сайдын яаманд биш Япон дахь цагаачлалын албанаас урт хугацааны визийг олгодог. 34-өөс дээш насныхан хандвал сурах биш ажил хийх сонирхолтой гэж үзэх магадлал өндөр байдаг гэж Хөдөлмөрийн яармагт оролцож байгаа компанийн төлөөлөгч зөвлөсөн. Ази Соёлын төв гэгддэг Япон оронд суралцахын давуу тал олон. Хамгийн наад зах нь цаг баримталдаг, бусдыг  хүндэлдэг зан чанар сууж өгдөг учраас хүүхдээ Японд суралцуулах гэж байна гэсэн эцэг эх олон байв.

Яармагт үүнээс гадна нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэж байна. Монгол Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг” үргэлжилнэ.