“Дархлаажуулалтын бүртгэл, мэдээллийг цахимжуулъя” арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байна. 

Уг 10 хоногийн үеэр дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим програмыг нэвтрүүлэх бөгөөд цахим санг бий болгосноор хүүхэд бүрийг товлолын вакцинаар хугацаанд нь дархлаажуулах, халдварт өвчний эсрэг хүн амын дархлааны түвшинг тодорхойлох, өрх сумын эмч, сувилагч нарын ажлын ачааллыг эрс багасгах үр дүнтэй арга хэмжээ болох юм. 

Мөн энэхүү өдрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Вакцины талаарх сөрөг мэдээлэл, цуурхалын тандалт, хариу мэдээлэл өгөх арга зүй” сургалтыг зохион байгуулж байна.

Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ-ын хийсэн “Вакцинд эргэлзэх байдлын судалгаа”-гаар нийт эцэг эх, асран хамгаалагчдын 93.5% нь вакцины ач холбогдлыг хүлээн зөвшөөрчээ. Харин 27.3% нь вакцины аюулгүй байдалд үл итгэдэг, 13.7% нь эмнэлгийн ажилтанд сэтгэл ханамжгүй байснаас, 16.6% нь бусад шалтгаанаар хүүхдээ вакцинаас хоцроодог нь тогтоогджээ. Мөн олон нийтийн сүлжээгээр дархлаажуулалтын эсрэг худал мэдээлэл түгээх, дархлаажуулалтын эсрэг лобби бүлэг байгуулах зэрэг нь дархлаажуулалтын хамралтыг бууруулан, улмаар халдварт өвчний дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлэхэд гол хүчин зүйл болж байгааг анхааруулсан байна.

Иймээс дээрх сургалтаар дархлаажуулалтын сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан дархлаажуулалтын талаарх сөрөг мэдээлэл, цуу ярианд тандалт хийх, хүн амын дунд гарч буй яриа, эргэлзээ төрүүлсэн асуудалд үнэн бодит мэдээллийг хүргэх ур чадвар эзэмшүүлэх талаар сурган, гарын авлага гаргах юм.