Дэлхийн түүхэнд тарваган тахлын 3 том дэгдэлт (пандеми) бүртгэгдсэн байдаг. Хамгийн их цараг хүрээг хамарсан тахал “Юстинианы тархвар” нэртэйгээр Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн эрсэдсэн гэдэг.

Дараагийн тохиолдол нь ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөжээ. Энэхүү цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэсэн юм.

Гуравдугаар цар тахал 1894 онд Хонгконгод эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан байна.

Манай оронд 1886-1921 онд 30 гаруй удаа тарваган тахлын дэгдэлт гарч, олон хүний амь нас эрсэдсэн түүхтэй. Ингээд 1921-1930 онд Монголд гоц аюулт халдварт өвчний дэгдэлт гарсан үед хуучнаар Зөвлөлт орны тарваган тахал эсэргүүцэх байгууллагын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулжээ.

Иймд ЗСБНХУ ба БНМАУ-ын хоорондын олон улсын хөл хориот өвчнөөс сэргийлэх хамтран ажиллах конвецийг 1930 оны 05-р сарын 30-нд байгуулан гарын үсэг зурсан нь манай хоёр улсын хооронд гоц халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Энэ арга хэмжээний хүрээнд 1931 онд Улаанбаатар хотод “Тахлын хотхон” нэртэй тарваган тахал эсэргүүцэх лабораторийг байгуулснаар одоогийн ЗӨСҮТ үүсгэн байгуулагдсан юм.

Одоогоор Монгол орны 17 аймгийн 137 сумдын нутагт тарваган тахлын байгалийн голомт оршдог. 1928-2018 оны хооронд нийт 16 аймгийн 112 суманд 692 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 513 нас барсан гэдгийг ЗӨСҮТ мэдээлэв.

Уг өвчинтэй тэмцэхэд иргэн хүний оролцоо чухал. 

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын арав хоногийг энэ сарын 10 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж буй. Нийт 21 аймгийн Эрүүл мэндийн газар, есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүнд хүрэлцэх тун вакциныг хүргүүлээд байгаа ажээ. Тиймээс иргэдийг уг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.