НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар хүн амын 20 орчим хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Судлаачид монголчуудын хэрэглээ ийм түвшинд байгаа нь хатуулаг өндөртэй архины хэрэглээтэй холбоотой гэж үзэж байна.

Тухайлбал Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само” институтын захирал Г.Оюун "Согтууруулах ундааны худалдаалалтыг шууд таслан зогсоосноор согтууруулах ундаа хэрэглэх иргэдийн тоо цөөрөөгүй харин ч эсрэгээр нэмэгдэж байгаа. Засаг төрөөс ямар ч арга хэмжээ авсан судалгааны дүнгээс харахад хатуулаг өндөр архины хэрэглээний түвшин буурахгүй байна. Тиймээс цаашид бид хүний хэрэглээг шууд хаах биш нэг хэрэглээг нөгөөгөөр солих замаар өөрчлөх боломжтой" гэсэн юм. 

Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сард 55.2 мянган хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн мэдээг Монгол улсын үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Үүнийг сар, өдөрт хуваавал, сард 6900, өдөрт 230 хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн үг юм. Үүнтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2018 оны эхний 8 сард 1953 болж, сард 244, өдөрт 8 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн байна.