Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өчигдөр ирлээ.

Үдээс хойш УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүд төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь "Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын энхүү XII уулзалтаар хоёр тал цөөнгүй чухал асуудлыг шийдвэрлэх чиглэлд санал нэгдэж байна.

Үүнийг нэг нь Европын парламенттай харилцах таван улсын бүлгийн нэгд багтдаг манай улс энэхүү уулзалтын үр дүнд биеэ даасан байдлаар Европын парламенттай харилцах боломж бүрдэх болов уу. Яагаад гэвэл энэ асуудлаар хоёр тал адилхан саналтай байна. Ингэснээр Европын холбооны улсуудаас эдийн засаг, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт татах, европын орнуудад монгол иргэд визгүй зорчих, хөнгөлөлт эдлэх зэрэг олон асуудалд Европын парламентын дэмжлэгийг авах боломжтой болно.

Мөн Европын холбооноос хүний эрхийг дээдэлдэг, хөдөлмөрийн суурь эрхүүдийг хангасан "тогтвортой хөгжил, сайн засаглал"-тай хөгжиж буй улс орнуудыг урамшуулж, 7200 нэр төрлийн барааг гаалийн татваргүйгээр европын зах зээлд гаргах эрхийг нээж өгсөн байдаг. Энэ эрхийг эдэлдэг улс орнуудын нэг нь Монгол Улс ч Европын холбооноос тавьж буй бараа бүтээгдэхүүнийг чанар, стандартын гэрчилгээтэй болгох зэрэг асуудлаас болж экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөл ноос, ноолуур, зарим нэг оёмол бүтээгдэхүүнээс хэтрэхгүй байна. Тиймээс энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг энэхүү уулзалтаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх зорилготой байна гэлээ.

Харин Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле "Уулзалтын үеэр яригдах олон чухал сэдвүүдэд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чиглэл томоохон байр суурь эзэлж байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хоёр талаасаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байсан ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгаа. Үүний шалтгааныг тодорхойлж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярилцаж байна. Европын холбооноос баталсны дагуу европын зах зээлд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсаас татваргүйгээр гаргах нь нээлттэй ч экспортын бүтээгдэхүүний чанар, стандартаас шалтгаалж үр дүнд хүрдэггүй. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, шийдлүүдийг гаргаж ирнэ гэсэн бодолтой байна хэмээсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалт өндөрлөж, УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле нар Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Эх сурвалж:  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс