Холливудын алдарт найруулагч Жордан Робертсийн бүтээл “Burn your maps” уран сайхны кино ирэх сард албан ёсны нээлтээ хийх нь. 

Тус кинонд нэгэн гэр бүл бяцхан хүүгийнхээ хүслийг биелүүлж Монголд ирж байгаа талаар гардаг. Хэцүү, хэзээ ч төсөөлж байгаагүй тал нутагт малчин ахуйтай танилцсан нь тэдний аливааг харах өнцөгийг өөрчилдөг талаар өгүүлдэг байна.

Уг кинонд холливудын алдартай жүжигчин Вера Фармига, Мартон Чокаш нар дүр бүтээжээ. Вера Фармигаг  бид "The Conjuring", "Bates Motel" киногоор сайн мэдэх билээ.

Харин Монголд хайртай, ухаалаг хүүгийн дүрд "The Room" кинонд тоглож олны танил болсон авьяаслаг бяцхан од Жэйкоб Трамбле тогложээ.

Монголд хийсэн аяллын тухай "Burn your maps" киноны ихэнх зураг авалтыг АНУ-ын Калифорни мужид хийсэн байна. Кино багийнхан зураг авалтаа хийхийн тулд Монголд цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирсэн ажээ.  Монголоос уг кинонд 10 орчим хүмүүс туслах дүрд тоглосон байна.