Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлах үүднээс анх удаа “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 22, 23-нд зохион байгуулж байна. Мөн  тус чуулга уулзалт нь эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Чуулга уулзалтыг Ашигт малтмал газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Блүүмберг” телевиз хамтран зохион байгуулж буй бөгөөд нийт 100 орчим хүн оролцож байгаагаас 70 орчим хувь нь 10 гаруй орны гадны төлөөлөгч байгаа юм.

Уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ цаашид өрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд анхаарна гэв.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж буй юм. Иймд эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын итгэл нь аль нэг байгууллагын оролдлогоор бус харин төрийн бүх байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголтын үндсэн дээр өргөжин тэлэхийг салбарынхан онцоллоо.