Монголын хөрөнгийн бирж нь 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад төрийн өмч хувьчлалыг явуулах, хөрөнгийн зах зээлийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан билээ. 

Дээрх зорилгын хүрээнд өмч хувьчлалыг ажлыг 1992-1995 онуудад зохион байгуулж, үүний дүнд 1.2 сая орчим хөрөнгө оруулагч бий болж, 475 улсын үйлдвэрийн газрыг амжилттай хувьчилсан бөгөөд 1995 оноос хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлж, хувьцаагаа хоорондоо арилжаалдаг хөрөнгийн бирж гэдэг жинхэнэ утга агуулгаараа хөгжих үндэс суурь тавигдсан гэж үздэг.

28 жилийн ойн арга хэмжээг нээж МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үг хэлсэн байна. Тэрбээр,

 "...450 гаруй жилийн түүхтэй Лондонгийн хөрөнгийн бирж зэрэг бусад биржүүдтэй харьцуулахад дөнгөж байгуулагдаж байгаа мэт боловч манай бирж нь олон улсын жишигт нийцсэн программ хангамжтай болж хууль эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хийж чадсан билээ. 2017 онд 859 тэрбум төгрөгийн арилжаа хийж түүхэн дээд амжилтаа тогтоосон бол 2018 онд зөвхөн хувьцааны арилжаагаар 210 тэрбум төгрөгийн, 28 жилийн дүнгээр 1 их наяд гаруй төгрөгийн арилжаа хийжээ. Мөн анхны давхар бүртгэл болон хамгийн олон IPO хийгдсэн зэрэг түүхэн амжилтуудаар ойгоо угтаж байна. Бид цаашид зах зээлийг шинэ түвшинд хүргэхээр ажиллах болно" гэж хэллээ. Ойн арга хэмжээг тохиолдуулан МХБ-ийн 5824 дэх арилжааг нээж биржид 28 жил ажиллаад байгаа Захиргааны албаны ахмад ажилтан Г.Энхболд арилжааны цан цохилоо.