Америк-Монголын худалдааны харилцааг бэхжүүлэх чухал боломж бүрдэж буйд анхаарлаа хандуулан ажиллахыг хүссэн захидлыг АНУ-ын Конгрессын Монгол улстай харилцах асуудал эрхэлсэн зөвлөлийн гишүүд Монгол улсад суугаа АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерт ирүүлсэн байна.
 
“Уул уурхайгаас хараат эдийн засгаа төрөлжүүлэх үүднээс Монгол улсын засгийн газраас нэхмэл, сүлжмэлийн аж үйлдвэрээ дэмжих бодлого явуулж байна. АНУ-ын зах зээлд гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх замаар Монголын ноолуурын салбарыг бэхжүүлэх нь тус улсын эдийн засагт ашиг тустай төдийгүй мөн АНУ-ын Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг бууруулахад тусална. АНУ-ын засаг захиргаа энэ чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд Конгрессын гишүүн Тэд Ёхо зохих хуулийн төслийг удахгүй Конгресст өргөн барина” гэж АНУ-ын Конгрессын дээр дурдсан зөвлөлийн хоёр дарга болох Дина Титус, Дон Ён нар болон Тэд Ёхо, Дэвид Прайс, Марк Мидоус, Стив Кохен зэрэг гишүүдээс ирүүлсэн энэхүү захидалд тэмдэглэжээ.  

“Дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж буй ноолуурын 40 орчим хувийг үйлдвэрлэж буй Монгол улс үүнийхээ 60-70 хувийг Хятадад экспортолж, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Хятад улс дэлхийд тэргүүлэхэд тус дөхөм үзүүлж байгаа юм. АНУ Хятадаас бэлэн ноолууран бүтээгдэхүүн худалдан авахын оронд боловсруулсан ноолуурыг Монголоос шууд худалдан авах боломжтой билээ” гэж уг захидалд онцолсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг