Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн "Хүн амын хоол тэжээл" судалгааг өсвөр үеийнхэн  дунд явуулахад 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай байна гарчээ. Энэ нь таван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэсэн үг. Дөрвөн жилийн өмнө ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар энэ дүн харьцангуй бага буюу 12.1 хувьтай гарч байсан юм. 

Таргалалтанд өртүүлэхгүйн тулд хүүхэддээ өглөөний цайг нь уулгаж хэвшүүл

Тарган хүмүүсийн 30 хувь нь хүүхэд байхаасаа жингийн илүүдэлтэй байдаг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл бий. Үүнд хамгийн их нөлөөлж буй зүйлс нь хоололтын буруу дадал, хөдөлгөөний дутагдал юм. Мөн хийжүүлсэн ундаа, давсны илүүдсэн хэрэглээ, өглөөний цай уудаггүй, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээг тогтмол хэрэглэдэггүй нь нөлөөлжээ. Үүнээс гадна генийн нөлөө байдагт аж. Тухайлбал эх эцэг нь хоёулаа жингийн илүүдэлтэй бол  хүүхэд нь тарган болох магадлал 80 хувь судалгаа бий. Судалгааны дүнгээс үзэхэд нийт сурагчдын тал хувь нь өглөөний цайгаа тогтмол, 26.1 хувь нь хааяа, 13.7 хувь нь огт уудаггүй гэж хариулжээ. Сурагчдын 26,4 хувь нь долоо хоногт гурав, түүнээс дээш удаа түргэн хоолны газар, сургуулийн цайны газраас хоол авч иддэг гэсэн байна. 

Үдийн цайны итгэж болох уу?

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар “Үдийн цай” хөтөлбөрөөр өгч буй хоол хүнсний гуравны нэг нь эрүүл бус бүтээгдэхүүн гэсэн дүн гарчээ. Сургуулийн цайны газар зарагдаж буй бараа бүтээгдэхүүний 85 хувь нь чихэр ихээр агуулсан ундаа байсан аж. Мөн сургуулийн эргэн тойронд байршуулсан зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл мэндэд сайнгүй бүтээгдэхүүн байжээ. 

Сурагчдын хамгийн иддэг хоол нь пирожки

Сурагчдын 98.4 хувь нь сургуулийн орчмоос бэлэн бүтээгдэхүүнээр хооллодог гэж хариулжээ. Хамгийн их авдаг зүйл нь пирожки, зайрмаг, ундаа, чихэр. Пирожкиг гэхэд долоо хоногийн 3-4 өдөр нь иддэг гэж хүүхдүүд хариулсан байна. Энэ бол ЕБС түүний ойр орчимд худалдаалж буй хоол хүнсний чанарын аюулгүй байдлын судалгаа. Хоёр жилийн өмнө  хийсэн энэхүү судалгааны үр дүн одоо ч хэвээрээ байгааг сарын өмнөх шалгалтын дүн харуулж байна. Сургуулийн ойр орчимд зарагдаж буй мантуун бууз, пирожкиг дээжлэн шинжлэхэд арван хувьд нь мөөгөнцөр, бичил биетэн, хөгц илэрсэн гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ц.Цолмон хэлж байна. Мөн үүнтэй холбоотойгоор сурагчдын 17,8 хувь нь гэдэсний халдварт өвчин туссан гэсэн тоо баримт гарчээ.

Хүүхдийн эрүүл мэндэд ямар аюул учрах вэ?

Тарган хүүхдүүд зүрх судасны өвчин тусах эрсдэл өндөр байдаг. Судлаачдын үзэж буйгаар 5-17 насны хэт таргалалттай хүүхдүүдийн 70 хувь нь зүрх судасны өвчтэй болох өндөр эрсдэл тээж явдаг аж. Мөн цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдсээр чихрийн шижин үүсэх өндөр эрсдэлийг бий болгодог. Жингийн илүүдлээс болж үе мөчний өвчтэй болох, цаашлаад өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг олон сөрөг нөлөө гардаг байна.

ДЭМБ-аас хүүхдийн таргалалттай эрчимтэй тэмцэж буй бөгөөд тус байгууллагын төлөөлөгч Профессор Баррие Маргеттсийн зөвлөснөөр “Багаасаа илүүдэл их жинтэй байх нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлалын нэмэгдүүлдэг. Насанд хүрсэн хойно нь хоол хүнсний дадлыг өөрчлөхөөс илүүтэй бага насанд нь анхаарвал үр дүнтэй” хэмээн  “Гат” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд бичжээ. Тэрээр илүүдэл жинтэй өсвөр насны хүүхдүүд гэдэсний хорт хавдар тусах эрсдэл хоёр дахин ихэсдэг гэдгийг нотлосон эрдэмтэн. Энэ нь түүний 35 жилийн турш явуулсан судалгааны үр дүн юм. Мөн илүүдэл жинтэй хүүхдийн бэлгийн бойжилт үе тэнгийнхэнээсээ эрт эхлэх нь бий.

Хүүхэд жингээ барих аргууд:

  • Өдөрт гурван удаа хооллох
  • Цагаар хооллох
  • Хоолыг сайн зажилж идэх
  • Өөх тос багатай хоолыг сонгох
  • Хэт шорвог болон халуун ногоотой хоолноос татгалзах
  • Ус хангалттай уух
  • Идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх
  • Өдөрт дор хаяж 1 цаг алхаж байх
  • Зурагт үзэж байхдаа юм идэхийг хориглох