“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн  40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг БНСУ-ын “ Кореа телеком корпораци” эзэмшдэг. “Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах саналыг Монгол Улсын Засгийн газарт тавьжээ. Засгийн газрын өнөөдөр хуралдсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ. “Монголын цахилгаан холбоо” компани нь зургаан газар, 15 алба, Улаанбаатар хотын дөрөв, орон нутгийн 23 холбооны газартай бөгөөд 856 хүн ажилладаг. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком корпораци”, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд эзэмшдэг юм.“Монголын цахилгаан холбоо” компанийн суурин утас, суурин интернет, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн юм байна. Одоогоор суурин утасны зах зээлийн 25, суурин интернетийн зах зээлийн 11,3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.