УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гэх "Монполимент" ХХК-тай холбоотой асуудлыг шалгуулах хүсэлтийг хэсэг хуульчид өнөөдөр АТГ-т өглөө.

Тус хуульчид АТГ-ын гадна сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголбанк болон "Монполимент" ХХК-тай холбоотой асуудал нэлээд явлаа. Үүнтэй холбоотой асуудлаар бид АТГ-т хандаж байна. Монголбанк, "Монполимент" ХХК-тай 2003 оны хоёрдугаар сарын 28-нд, 2005 оны нэгдүгээр сарын 1-нд, 2006 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд арилжааны ерөнхий гэрээ байгуулсан байдаг. 

"Монполимент" ХХК нь Монголбанкинд буюу Монгол төрд төлөх ёстой 13.6 тэрбум төгрөгөө төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Монголбанк Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол нэхэмжлэл гаргасан байдаг. 

Нэхэмжлэлтэй холбогдуулж "Монполимент" ХХК-иас 2016 онд тайлбар ирүүсэн. Уг тайлбарт "Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэсэн хүсэлт өгсөн. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Тус шийдвэрт "Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн". Өөрөөр хэлбэл, Монголын төрд төлөх ёстой байсан татвар төлөгчийн төлбөр болох 13.6 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. 

Үүнд давж заалдах журмаар гомдол гаргаагүй асуудал болон хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гомдол гаргаж буй асуудалд Монголбанкны эрх бүхий албан тушаалтан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр үүнийг шалгуулахаар хуульчид бид АТГ-т гаргаж байна" хэмээн мэдэгдлээ.