Эдийн засагч М.Пүрэвцогтоос америк долларын ханшийн өсөлтийн талаар цөөхөн хэдэн асуултад тодруулга авлаа.

-Долоохон хоногийн дотор ам.долларын төгрөгтэй харьцах ханш  огцом савлаж рекорд тогтоолоо. Долларын өсөлтөд хамгийн их нөлөөлж байгаа зүйл юу вэ?

-Гадаад талаасаа АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны тэмцлээс үүдэх алсын сөрөг нөлөөлөл нь Монголд дарамт үүсгэнэ гэсэн хүлээлт бий. Манайд гэлтгүй олон улс оронд долларын ханш өсч, юанийн ханш унаж байна. Улмаар Хятадын экспортын бууралт нь бидний түүхий эдийн үнэ болон хэмжээнд нөлөөлж эхэлнэ. Мэдээж үүний үр дүнд эдийн засаг маань агших хандлага руу явна. Энэ шалтгаанаар банкууд долларыг хумих бодлого аажимхан баримталж байна.

-Энэ өсөлтөнд улирлын нөлөө бий юу?

-Намрын саруудад гадаад худалдааны идэвх сэргэж, гадаад төлбөр тооцоо нэмэгддэг. Гэхдээ энэхүү нөлөөлөл нь олон жилийн дунджаар валютын ханшид 5-10 хувийн нөлөө үзүүлдэг.

-Ам.долларын ханш өсөх магадлалтай гэсэн хүлээлт байгаа учраас банк ч долларын зээл гаргахгүй,худалдахгүй байгаа тал байж гарч байж мэдэх юм. Хувь хүмүүс ч төгрөгийн хадгаламжаа доллар болгох хандлагатай байна. Үүнээс болж үүсэх хохирол нь юу байх вэ?

- Мэдээж тодорхой мэдээлэлтэй улсуудаас гадна сургаар олон хүн төгрөгийн хадгаламжаа доллар болгож байна.  ОУВС-ын хөтөлбөрт хамрагдаад явж байгаа нь мөн 3 тэрбум ам.долларын валютын нөөц нь долларыг цаашид нэмэгдэх эрсдлээс тодорхой түвшинд, хугацаанд хамгаална. Хүмүүсийн ярьж байгаачлан 3000 төгрөг хүрэхгүй. Долларын ханш  ингэж огцом өссөхөд мэдээж долларын зээлтэй улсууд хохирохоос гадна долларын гадаад төлбөр тооцоотой улсууд хохирно. Гэхдээ үүнээс чухал зүйл бол гадны хөрөнгө оруулагчдын хандлага цаашилна. Улмаар дотооддоо бараа таваарын үнэ нэмэгдэхээс гадна мөнгөний хүү үнэтэй болно. Ер нь макро утгаараа хохирол ихтэй. Богино хугацаанд долларын хадгаламжтай хүмүүс, экспортлогчид хожих ч урт хугацаандаа дотоод зах зээлийн хүндрэлтэй байдал нь эргээд хожсон хүмүүстээ хүндрэлээ үзүүлнэ.