Тогтвортой ноолуурын тэргүүлэх бэлтгэн нийлүүлэгчдийн нэг болж, олон улсын зах зээлд дээд зэргийн чанартай ноолуурын түүхий эдийг бэлтгэн нийлүүлж буй Үлэмж кашимерийн Гүйцэтгэх захирал М.Сосордуламтай тогтвортой ноолуурын талаар ярилцлаа.

-Үлэмж кашимер үүсгэн байгуулагдсан 1995 оноос хойш нийт хэдэн тонн ноолуур бэлтгэн нийлүүлээд байгаа вэ?

- Бид анх түүхий ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн туршлагадаа тулгуурлан 1995 онд хоёр ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд 2004 оноос Үлэмж кашимер ХХК болж өргөжсөн. Манайх Монгол орны 21 аймаг дахь өөрийн компанийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн сүлжээгээр дамжуулан малчин иргэдээс цагаан, цайвар, бараан өнгийн түүхий ноолуурыг авч угааж/самнаад дэлхийн зах зээлд борлуулдаг. Энэ сүлжээгээрээ дамжуулан жилд 200-250 тонн буюу дотоодын зах зээлийн 5-8 орчим хувьтай тэнцэх ноолуурыг бэлтгэн нийлүүлж байна.

Анх 20 жилийн өмнө хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан түүхий ноолуурын бэлтгэн нийлүүлэлт, ангилан ялгах, самнах гэх мэт анхан шатны боловсруулалтаас эхлээд утас ээрүүлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлээд өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа Монголын ноолуурын салбарын ууган компаниудын нэг. Сүүлийн зургаан жилд Ази, Европ, БНХАУ, ХонгКонг, Итали, Франц, Швед болон дотоодын үйлдвэрүүдийн угаасан, самнасан ноолуур, ноолууран утасны хэрэгцээг тогтвортойгоор хангахаас гадна ANNA Cashmere брэндийг үүсгэн байгуулсан.


-Монголын ноолуурын экспортыг тушиж байгаа гол асуудал нь бэлчээрийн даац болчихоод байна. Энэ асуудалд ямар бодлого, зорилттой ажилладаг вэ?

- Олон улсад тогтвортой хувцас загварын трэнд хүчээ авч, байгальд хор нөлөөтэй бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, минимал чиг хандлага руу шилжиж байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр, малчид бол бэлчээрийн доройтлын хор уршгийг хамгийн түрүүнд харж, мэдэрч байгаа улс. Энэ ч утгаараа бэлчээрээ аль болох тахлахгүй, ээлтэй арга барилаар орлогын гол эх үүсвэр болох ноолуураа бэлтгэн нийлүүлэх хүсэлтэй болсон. Өнөө маргаашийн орлогоос илүүтэй алсаа харах нь угаасаа Монгол хүний эрхэм чанар.

Иймээс бид түүхий ноолуурыг экспортод бэлэн бүтээгдэхүүн болгохын тулд “Анхан шатны боловсруулалт” буюу угааж, самнах шат дамжлагыг тогтвортой, олон улсын стандартын дагуу хэрэгжиж байгаа эсэхийг мөшгөх, хянах үүднээс Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл” Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” зэрэг гурван байгууллага, төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монголын хөдөө аж ахуйн салбарт шинэ техник технологи, инновац нэвтрүүлж, орчин үетэй хөл нийлүүлэн мал амьтныг зовоохгүй, малаас гарах түүхий эдийг тогтвортой, байгаль орчинд ээлтэй арга барилаар бэлтгэх боломж үүссэн.


- SFA-тай хэзээнээс хамтран ажиллаж байгаа вэ, жилд хэдэн тонн ноолуур аль аймгаас бэлтгэн нийлүүлж байгаа вэ?

- Бид 2019 оноос SFA-ийн гишүүн байгууллага болж сургалт, хурал болон бусад үйл ажиллагаанд нь тогтмол хамрагдан тухайн жилдээ гарал үүсэл нь тодорхой, самнасан ноолуурыг Хятад руу борлуулсан анхны компани болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус эвсэлийн мөшгөх тогтолцоонд Европын нэр хүндтэй томоохон брэндүүд нэгдсэнээр Монголын ноолуур бэлтгэн нийлүүлэлтэд томоохон ахиц, үүд хаалга нээгдсэн юм. Юу вэ гэвэл, малчдын хоршоод, үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд зуучлагч орны оролцоогүйгээр шууд нийлүүлэх болж, Монгол ноолуурын чанар, үнэ цэнийг дэлхийд таниулах, нэр хүндийг өсгөх эхлэл тавигдсан. 

Ноолуур самнах ажил Хэнтий, Дорнод Сүхбаатараас эхэлдэг, чанар нь ч хамгийн өндөр. 

Үлэмж кашимерийн хувьд зүүн гурван аймаг, төвийн болон баруун бүсээс Төв, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Увс, Говь-Алтай зэрэг аймагт ноолуур бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ буюу малчдын хоршоо үүсгэсэн. Эдгээр хоршоодоос зөвхөн SFA-д гэхэд л 110 орчим тонн ноолуур бэлтгэн нийлүүлж байна. Бид анхан шатны нийлүүлэлт буюу 21 аймаг дахь агентаа хоршоодтой ажиллуулах замаар ноолуур авч нийлүүлдэг.


-Малчдын гар дээрээс ноолуур авч, гэрчилж байгаа оролцогч тал нь танайх. Энэ утгаараа тогтвортой ноолуур гэж таныхаар ямар ноолуурыг хэлэх вэ?

-SFA-ийн зүгээс тогтвортой ноолуурт үндсэн хэдэн стандарт тавидаг. Тухайлбал, “Мал аж ахуй эрхлэх, ноолуур бэлтгэх зохистой дадал”, “Бэлчээр ашиглах зохистой дадал” болон “Ноолуурыг тогтвортой арга ажиллагаагаар боловсруулах зохистой дадал”. SFA товчхондоо эдгээр үйл ажиллагаа тогтвортой явуулж буйг гэрчлэх үйл явцыг багтаасан тогтолцоо гэж ойлгож болно. Тогтвортой арга ажиллагааг бүрдүүлж ажиллана гэдэг нь шинэ шинэлэг технологи, бүтцийг шат шатаар нэвтрүүлж тогтмолжуулан байнгын сайжруулан хөгжүүлэх арга гэж харж байна. Манай охин компани болох Anna Cashmere тогтвортой түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн бэлтгэж ирсэн. Сар хүрэхгүй хугацааны өмнө SFA-ийн гишүүн брэнд болж батламжаа гардан авсан.

Брэнд бүтээгчид “мөшгөгдсөн ноолуураар урласан” гэх нэмэлт шошгыг зүүснээр тухайн хувцас нь мал, амьтдын тавлаг байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй, малчдын амьжиргааг сайжруулахад чиглэдэг баталгаа болж байгаа хэрэг. 

Харин худалдан авагчийн өнцгөөс харвал бэлчээрийн доройтол болон усны нөөц шавхагдахаас хамгаалсан, бэлчээрийн даац хэтрүүлээгүй, байгальд хор нөлөө багатай хийгдсэн бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байна гэсэн үг. 


-Малчид, малчдын хоршоодыг тогтвортой арга барилаар ноолуур бэлтгэн нийлүүлэхэд хэрхэн урамшуулж ажилладаг вэ? 

-SFA нь анхнаасаа малчдыг олон улсын зах зээлд холбож, брэндүүдийн юу хүсэн хүлээж байдаг талаар малчдад мэдлэг олгох зорилготойгоор байгуулагдсан. Энэ мэт мэдлэгийг олж авснаар малчид зах зээлд чиглэсэн үр ашигтай ухаалаг аж ахуй эрхлэх загварт шилжих давуу талтай. Энэ хүрээнд тогтмол сургалт зохион байгуулж, дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг. Үүнээс гадна, ноолуурын өртгийн сүлжээг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулахад хүн байгальд ээлтэй, тогтвортой арга ажиллагааг дэмжин нэвтрүүлэх замаар мал аж ахуйгаа эрхэлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган манлайлсан малчид, хоршоодод өнгөрсөн сард “SFA Sustainability Award” шагнал гардууллаа.  Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талуудын урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортойгоор ноолуур бэлтгэн нийлүүлэгчдийн хөдөлмөр, хичээнгүй үйлсийг малчнаас эхлээд үйлдвэрлэгч брэнд хүртэл үнэлэн урамшуулах зорилготой.

Үлэмж кашимерийн зүгээс Монгол мал аж ахуй,  өвөг дээдсийнхээ уламжлалт мал маллах арга ухааныг хадгалахын зэрэгцээ малын арчилгаа, бэлчээрийн менежмент зэрэг шинэ технологийг сурч малаас гарах түүхий эд ноолуурыг ангилан чанартай бэлтгэж ажилласанд талархал илэрхийлэн нийлүүлэлтийн сүлжээнд хамтарч ажилласан хоршоодоо урамшуулсан.

Ярилцсанд баярлалаа.