МҮЭХ нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлаар үзэл бодол байр сууриа илэрхийллээ. 

Тэд 3 хүн тутмын нэг нь ядуу байна, хэдийгээр улс орны эдийн засаг өссөн гэж байгаа ч энгийн ард иргэдэд төдийлэн хүртээмжгүй байгааг шүүмжиллээ. Мөн орон нутгийн боловсролын салбар, ШУ-ны салбарын судлаачдын цалин хөлсийг нэмэгдүүлж чадаагүй нөхцөл байдалтайгаар шинэ онтой золгож байна гээд энэ болон чиглэлээр ирэх онд Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно гэлээ.

МҮЭХ-ноос эдгээр асуудлаар Засгийн газар, УИХ-ыг шахаж ажиллана гэв

1. Боловсролын салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, 2018 оны 9-р сард хүлээсэн үүргээ нэн даруй биелүүлэхийг шаардаж байна. Бид жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй гэж тэвчин өдийг хүрлээ. Гэтэл цалин хөлс нэмэх асуудлыг Засгийн газар биелүүлсэнгүй, УИХ-д ямар ч хяналт алга. Тиймээс 2019 оноос хатуу шаардлага тавьж ажиллана.

2.2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлнэ гэдэг хэлэлцээрийг Засгийн газар, ҮЭ-ийн байгууллага, ажил олгогч эздийн холбоо байгуулсан. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс яг хэдэн хувиар нэмэх талаар хэлэлцээр хийх ёстой ч Засгийн газар хариу ирүүлэхгүй байна. Нэгэнт тохиролцоо хийсэн учраас Засгийн газар амлалтаа биелүүлэх ёстой. Бид ч шахан шаардаж ажиллана.

3.Шатахууны үнийг тогтворжуулах үүргээ УИХ, Засгийн газар биелүүлэх ёстой. Өнөөдөр шатахууны өсөлтөөс болж монголчуудын өргөн хэрэглээний бараа хэд дахин нэмэгдчихлээ. Энэ хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар буурсан.

4.ОУВС-ын хөтөлбөрийн дагуу манай улсын эдийн засгийг сэргээхийн тулд хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд НДШ-ийн шимтгэлийг 2019, 2020 онд шат дараатайгаар нийт 5 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Гэтэл бодит байдал дээр цалин орлого нэмэгдээгүй байхад НДШ нэмэх нь буруу шийдвэр. Үүнийг эргэж харахаас өөр арга алга. ААН-үүдэд ч хүндээр тусна. Хэрэв эргэж харахгүй бол бид ажил олгогчидтой хамтарч мэдэгдэл гаргана, Засгийн газраас энэ шийдвэрийг эргэж харахыг шаардана. Энэ чиглэлээр УИХ эрх зүйн орчинд нь анхаарах ёстой.