Зимбабве улсын цэргүүд энэ лхагва гарагт бослого гаргаж нийслэл Харарег бүсэлж, олон нийтийн телевизийг удирдлагадаа авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл сүүлд тус улсын Ерөнхийлөгч Роберт Мугабег гэрийн хорионд оруулсныг эх сурвалжууд дамжууллаа. Ажиглагчид Мугабег Ерөнхийлөгчийн суудлаас хүчээр огцруулна гэж дүгнэжээ. 

Ноён Мугабе зэргэлдээх Өмнөд Африк улсын Ерөнхийлөгч Жекоб Зума руу утасдаж гэртээ хориулснаа хэлсэн байна. Энэ талаар Өмнөд Афикийн Засгийн газраас мэдээлжээ. 

Зимбабве 1980 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу бараг 40 жил Мугабе төр барьсан. Түүнийг Барууны орнууд дарангуйлагч гэж буруутгадаг. Мугабе 93 настай, дэлхийн хамгийн ахмад Ерөнхийлөгч билээ. 

Тус улс ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах байсан ч байдал ийн хурцдаж төрийн эргэлт ч хийж магадгүй боллоо. Арми ийм алхам хийсэн нь Мугабе өнгөрсөн долоо хоногт дэмжиж байсан дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг нь халснаас болсон гэж судлаачид үзэж буй.