Хайр сэтгэлээ олж, тогтвортой харилцаа авч явна гэдэг хэзээд л асуудал байсаар ирсэн. Гэвч мянганыханд илүү хүнд тусаж байгаа бололтой. Сан Франциско дахь Wellspace сэтгэл судлал, хоол зүйч, дасгалжуулагчдын төвийг үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Тара Гриффит “Өмнөх үеүүдтэй харьцуулахад миллениалууд болзох түм буман апп, чатын дунд өслөө. Хэн нэгэнтэй эгэлгүй байдлаар танилцаж, хөрш айлынхаа охин, хүүтэй гэр бүл болдог цаг нэгэнт өнгөрчээ. Болзооны талд маш олон сонголт байдаг болсон нь одооны үеийнхэнд сонгол хийхэд нь хүндрэл учруулж байна” хэмээв. 

Мянганыхан багаасаа л боломж хэзээд байдгийг сонсож ирсэн. Тиймдээ ч ажлаа солихоос айдаггүй, халагдсан ч сайхан амарч байгаад ажилд орчихно гэсэн итгэлтэй байдгийг судалгаагаар нотолсон. Энэ үзэл бодол нь амраг хайрын харилцаанд ч нөлөөлдөг ажээ. Доор Гриффит болон бусад сэтгэл судлаач 20-иос 30 насны үйлчлүүлэгчдээсээ сонсдог зургаан түгээмэл зүйлийг нэрлэсэн. 


“Мянганыхан ихэнхдээ сонголтынхоо хохирогч болдог. Мэдээллийн эрин зуунд болзох гэдэг нь олон нийтийн сүлжээнээс өөртөө тохирох нэгнийг хайх гэж ойлгогддог болжээ. Сөрөг тал нь гэвэл буруу сонголт хийхээс маш их айж байна. Тиймээс би үйлчлүүлэгчдээ хэн нэгэн тохирох хүнийг хайж айдсаа тэжээхийн оронд өөрөө тэр тохирох хэн нэгэн болохоор хичээхийг зөвлөдөг. Хүн өөрийнхөө хүсдэг хүн шиг болж өөрчлөгдөхөд анхаарлаа хандуулах нь түлхүүрийг гартаа атгахтай адил. Түүнчлэн ингэснээр болзохоос айх айдсыг тайвшруулдаг” - Даллас дахь гэр бүл судлаач, залуу гэр бүлүүдтэй түлхүү ажилладаг Лиз Хиггинс. 


“Мянганыхан 20-иод насандаа хэн нэгэнтэй учрахаас өмнө боловсрол, карьер, аялах, амьдралын туршлагатай болох зэрэг асуудлыг чухалчилдаг болжээ. Зарим нь бие дааж, карьертаа амжилт гаргаж, санхүүгийн тогтсон орлоготой болсон хойноо ханиа олдог. Мөн гэр бүл болохгүйгээр хүүхэдтэй болох асуудал илүү дэлгэрчээ. Мянганыхан гэрлэлтийн үнэ цэнийг ойлголгүй асуудлыг хүндрүүлж байна. Зарим нь хүүхэд байхдаа дутагдаж гачигдаж өссөн болохоор гэрлэлтээс эмээдэг” - Тара Гриффит. 

“Мянганыхны хувьд мессеж харилцааны хамгийн гол хэрэгсэл болсон. Гэвч текстээр харилцахад үл ойлголцох явдал элбэг. Хүн ямар өнгө аясаар бичсэн, ямар санаа илэрхийлэх гэснийг ганц текстээр тодорхойлох хүнд. Үүнээс болж харилцаанд ихээхэн асуудал үүсч байна. Миний үйлчлүүлэгчдийн дунд мессежинд төгс хариу өгөх гээд толгойгоо гашилгаж, ихээхэн цаг үрж яваа хүн олон бий. Миний зүгээс хүмүүсийг уулзаж, царайгаа харалцаж, биеийн хэлээ харуулж харилцаасай гэж хүсдэг” Лос Анжелесийн амьдрах ухааны багш Жесс Хопкинс. Тэрбээр мянганыхантай түлхүү ажилладаг ажээ. 

“Мянганыхны ихэнх нь гэр бүл болж, үрийн зулай үнэрлэж байна. Энэ бүхнээс хоцорсон мянганыхны цухал олон янзаар илэрдэг. Тохирох хүнээ олж чадахгүй, бэлэн биш, өөрөө нэг их хүсэлгүй ч хоцорсон мэдрэмж дотор нь нуугдаж л байдаг” - Чикаго дахь сэтгэл заслын All Along төвийг үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Рейчл Казез


“Надтай уулзахаар ирдэг залуу хосуудын олонх нь санхүүгийн асуудлаа гэрлэхээс өмнө шийдвэрлэхийг хүсдэг. Мөнгөтэй нь удирдлагыг гартаа авч, эрх мэдлийг эзэмшдэг нь тэдэнд таалагддаггүй. Хэн ч хэн нэгнээр удирдуулж, шүүлгэж, санхүүгийн хамааралтай байхыг хүсэхгүй. Гаргалгаа нь бол эртнээс ярилцаж, хил хязгаар тогтоох. Олон хос дундын нэг данстай, тус тусын нэг данстай байхыг зөвлөдөг. Үүний адилаар та болон таны хамтрагчид тохирох тусгай арга гэж бий. Энэ талаар ярилцаж, шийд гаргах нь зүйтэй” Лиз Хиггинс. 


“Дотно, тогтвортой харилцаанд бэлэн боллоо гэдэг үгийг би 20-30 насны олон эмэгтэйгээс сонссон. Гэвч тэдний найз залуучууд найзуудтайгаа уулзаж, видео тоглоом тоглосон хэвээр байдаг. Тиймээс эмэгтэй нь эрэгтэйгээ том болж ухаан суух болов уу, салах ёстой юм болов уу гэж гайхна. Нэг бол хамт үлдээд зуршлыг нь өөрчилж, гэр бүлдээ анхаардаг нэгэн болгохыг хүсдэг. Ийм асуудал маш их” - Жиоржиа дахь сэтгэл засалч, гэр бүл судлаач Жоис Морли.