Энэ сарын 10-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн талаар ЗЦГ-аас мэдээллээ. Ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон байна. Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.Орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгджээ.

Мөн зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байснаас 3 хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирсон гэв.Тэднээс 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Дээрх статистик үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 12 хувиар, амь нас нь хохирсон хүн 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гарчээ. 

Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон 3 хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагчийн хамт тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байна. 

Мөн эдгээр өдрүүдэд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 286 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцсон аж. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож осолд холбогдож, өртсөн жолооч 13, явган зорчигч 9 бүртгэгджээ. 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

Төв аймгийн Борнуур сумын нутаг “Улаан цав” гэх газар асфальтан замд T.Estima маркийн автомашин онхолдож, зорчигч 2 настай, эмэгтэй А-н амь нас хохирсон,

Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг “Дөрөлж” гэх газар T.Landcruiser маркийн автомашин онхолдож зорчигч 2 настай Б-н амь нас хохирсон ноцтой хэргүүпд бүртгэгдсэнийг аймгийн Цагдаагийн газруудад шалгаж байна. 

Орон нутгийн замд бүртгэгдсэн хүний амь нас хохирсон зам тээврийн ослын дийлэнх хувь нь буюу 10 осол нь онхолдох хэлбэрээр гарсан нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон зэргээс шалтгаалсан байна.

Цаашид ч 10 дугаар сарыг дуустал УБ хотоос хөдөө орон нутаг, хөдөө орон нутгаас УБ хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн тоо буурахгүй бөгөөд энэ чиглэлд 24 цагийн турш байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.