Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Тус ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан шав тавих ёслолын үеээр хэлсэн үгэндээНалайх дүүрэгт цэцэрлэг сургуулийн хүрэлцээ хангалтгүй. Энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд бага насны хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахаар зорьж байгаад баяртай байна. Нийслэл хотод сургууль, цэцэрлэг барихад газрын асуудал тулгардаг. Бид өнгөрсөн сард 109 дүгээр сургуулийн өргөтгөлийг бариулж эхлүүлсэн. Налайх дүүргийн ажил урагшилж байна. Цаашид дүүрэгтээ ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж 10-аад үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Залуусын ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана. Барилгын ажлыг чанар стандартын дагуу, товлосон  хугацаанд нь хийж гүйцэтгэн хүүхдүүдийн сурч боловсрох тохилог орчин бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тус дүүрэгт 2-5 настай 3657 хүүхэд бий. Тэдний 2377 нь төрийн өмчийн долоо, хувийн хэвшлийн таван цэцэрлэгт хүмүүждэг гэсэн судалгаа байдаг. 3 дугаар хороонд цэцэрлэг баригдсанаар хорооны иргэдийн хүүхдүүдийн сурч хөгжих боломж нэмэгдэхээс гадна ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурч хамран сургалт нэмэгдэх юм. Тус хорооны иргэдэд тулгамдаж байсан хамгийн гол асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр эхлүүлж байгаад талархал илэрхийлж байлаа.

Уг барилгын ажлыг “Долт Интернэншл” ХХК –ийн хамт олон хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ