МАН-ын Бага хурал өнөөдөр 11.40 цагт Тусгаар тогнолын ордонд эхэлсэн

Үүний зэрэгцээ өглөө 11.00 цагийн үед Тусгаар тогтнолын ордны гадаа НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаасаа огцрохыг шаардсан "тус намын залуу гишүүд" гэх хэсэг хүмүүс жагсаал зохион байгууллаа.

Тус жагсагчид "Намын дарга У.Хүрэлсүх та шударга ёсоо намаасаа эхлүүл", "Д.Амарбаясгалан та улс төрийн хариуцлага хүлээ", "ЖДҮ-ийн хулгайч Д.Амарбаясгалан чамайг бид уучлахгүй" "Намыг бусниулагч Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцор" зэрэг үгтэй лоозон барьжээ. Тэд үзэл бодлоо илэрхийлэхээр намын Бага хурал руу орох гэсэн боловч оруулсангүй хэмээн мэдэгдлээ.

Тус жагсаалыг 100 жилийн настай МАН мөхөх цаг болоогүй хэмээн үзэж буй МАН-ын залуу гишүүдээс бүрдсэн "100+" хөдөлгөөнийхөн зохион байгуулж буй аж. 

Тус хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Д.Мөнхтөр "100 жилийн түүхтэй МАН ингээд талцаж, хуваагдан мөхөх учиргүй. Манай хөдөлгөөнөөс МАН-д намынхаа асуудлаа дотооддоо шийд гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр намын бага хурал болж байна. Дотогшоо орж үзэл бодлоо илэрхийлэх гэсэн боловч биднийг оруулсангүй" хэмээн ярилаа.

Тус жагсаалыг дүрс бичлэгээр хүргэж байна.