МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар Оюутолгойн гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Дээрх намууд нь хамтран “Оюутолгой”-н гэрээг цуцлах тулган шаардах бичиг гаргажээ. Уг бичигт “Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн дээрх гэрээг цуцлахыг манай дөрвөн нам хамтран тулган шаардаж байна. Бидний шаардлагыг үл тоомсорлох аваас тэмцэл хийх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэдгийг хэллээ.

Мэдээллийн эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зээл тавьж авсан. Оюутолгойн баялаг монголынх юм уу эсвэл гадаадын нэг хувийн компанийнх юм уу. Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байна. 

Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага Монголд байхгүй. Их хурал Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. М.Энхболдод үүнээс илүү сайхан боломж гэж байхгүй.

Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс нэн даруй өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй. Оюутолгойн гэрээ цуцлагдахад бүх дэлхий ойлгоно. Хэн ч гайхахгүй. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Та бүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү" гэв.