Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барлаа. Одоогоор мэдэгдэж байгаагаар нас барсан иргэд тарваганы түүхий хүн мах, бөөр идсэн болох нь тогтоогдсон талаар ЗӨСҮТ мэдээллээ.

Нас барсан хоёр иргэний нэг болох эмэгтэйд тарваган тахлын шинж тэмдэг илэрсэн учраас эмч нар тархвар судлалын холбогдлыг нь асуусан ч тарваганы мах идээгүй гэж мэдүүлжээ. Энэ хооронд лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд хариу гартал 3 хоног хүлээж цаг алдсан гэв.  Амь насаа алдсан эмэгтэй биеийн байдал нь нэлээн хүндэрсэн хойно тарваганы түүхий эд эрхтэн идсэн гэдгээ хэлсэн байна. 

Хэрэв эрт хэлсэн бол арга хэмжээ авч амь насыг нь аврах боломж байсан гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. 

Одоогийн байдлаар 158 хүн 1 дүгээр зэргийн хавьталтай байгаа аж. 

Тарваган тахал нь байгалийн голомтот  хурц халдварт өвчин юм. Тарваган тахлын нян нь бүүрэг, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай бөгөөд  бичил биетний нөлөө болон нарны гэрэл, химийн буюу халдваргүйтгэлийн бодист тэсвэр муутай. Тарваган тахлаар өвчилсөн хүн, нас барсан хүний цогцос, мэрэгч, туулай хэлбэртэн амьтад, тэдний сэг зэм нь халдварын эх уурхай болно. 

Урьдчилан сэргийлэх:

  • Улсын хэмжээнд тарвага агнуур хорьсон тухай Байгаль орчны 2012 оны 06 тоот тушаалыг хэрэгжүүлэн тарвага агнахгүй байх 
  • Тарвага болон тарваганы гаралтай бүтээгдэхүүнтэй харьцахгүй байх
  • Хэрэв тарвага агнаж буй хүнтэй тааралдвал орон нутгийн мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байгууллагад мэдээлэх
  • Үхсэн болон өвчний сэжигтэй тарвага, мэрэгч амьтантай тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх
  • Тарвага болон жижиг мэрэгчийн бүүрэг, бөөсөнд хазуулахаас сэргийлэх
  • Хүүхдийг тарвага, зурам, мэрэгч амьтадтай харьцахаас сэргийлэх 
  • Нохой барьсан, зууж ирсэн тарвага болон мэрэгч амьтад нь халдварын эрсдэл өндөр тул харьцахгүй байх