Фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг этгээдүүд сүүлийн үед нэмэгдэх болсон билээ. Эдгээр хэргүүдийн ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хэргүүдийг тухай бүрт нь илрүүлж шалгаж байгаа аж. Үүнд

- Улаанбаатар хотын харьяат, 35 настай, эрэгтэй “М” нь зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг илрүүлж гэмт этгээдийн байршлыг тогтоон, дайчлан баривчилжээ. Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай бага бус хэмжээний файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татсан байна.

-32 настай Г гэгч эрэгтэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насын охидтой дотно харьцаа тогтоож нүцгэн зургийг нь цуглуулж дараа нь тэднийг сэтгэл санааны дарамтанд оруулдаг байжээ. Энэхүү этгээд хөдөө орон нутагт уурхайн туслах ажилтан хийдэг хэмээн мэдүүлсэн бөгөөд түүний хууль бус үйл ажиллагаанд ашиглагдаж байсан гар утсыг хураан авч, эрүүгийн хариуцлагад татжээ.

- Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг байжээ. 

Эдгээр зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог, эсвэл зургаар нь заналхийлж мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлсэн байна.Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар насанд хүрээгүй байж болзошгүй 1032 эмэгтэйн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн аж. Уг хэрэгт хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

- Улаанбаатар хотын харьяат, 37 настай, эрэгтэй “Э” нь хохирогчын хувийн секс бичлэгийг ажил, үүргийнхээ хүрээнд олж авч, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан олон нийтэд тараана гэж дарамтлан мөнгө өгөхийг шаардан, дарамталж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар үйлдэл дээр нь илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоож, эрүүгийн хариуцлагад татсан байна.


“Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Монгол Улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна. Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж хохироод үлдэж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор "Unfriend" арга хэмжээг эхлүүлээд явж байна" гэж албаныхан хэллээ.