Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын уугуул, Улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж Монгол улсын 23 дахь аварга болсон билээ. Түүнийг аварга болсон энэ жил "Увсынхан жалга довны үзэл гаргалаа", "Олимпын аварга болчихоо юу" гэх мэтээр элдэв хэл яриа нийгмийн сүлжээнд тархаад намжсан ч араас нь ахиад л авсан бай шагналынх нь талаар яриа дэгдсэн юм. Өнөөдөр гэхэд тэрбээр хурандаа цолоор мялаалгаад байгаа юм.

Тэгвэл шинэ аварга маань энэ бүхэн ярианд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан  хариулт өгчээ. 

Юм л бол хойд захын хар овоохой гэдэг шиг муусайн бөхчүүдээ жийпээр шагнууллаа байртай боллоо гэж өөнтөглөх болж. Мань мэт нь ч юугаа мэдэхэв. Гэхдээ нэг салбараа дөвийлгөх гээд нөгөөхөө үгүйсгэж болмооргүй л юм. Нэг бөх дор хаяж 10 жил бэлтгэл хийж азтай, адтай, бяр чадалтай нь улсын цолонд хүрч байна гэж ойлгодог. Байг гэхэд л 10 жил бэлтгэлээс өөр юу ч хийхгүй гээд л бодчих. Яг үнэндээ сурах ч боломж хэцүүхэн. Ер нь бол биеийн хүчний ажил эрхлэж байна л гэсэн үг. 10 жилийн хөдөлмөрийг 2 өрөө байраар үнэлэх тийм овойж оцойсон үнэлэмж гэж үү. Эсвэл үндэсний их цэнгэл наадамд түрүүлж ард олон, ах дүүсээ баярлуулж, баясгаж өчнөөн жилийн хөдөлмөрөө ланд 200-р үнэлүүлэх тийм дааж давшгүй их үнэлэмж юмуу? Тэгээд ч хувь хүн, ивээн тэтгэгч байгууллага өгдөг болохоос тэр төр засгаас байр сууц, машинаар бүгдийг нь бөмбөгдөөгүй шүү. Хэн нь хэндээ юугаа өгөх нь бидэнд ямар хамаа байна. Нэмээд ганц зүйл сануулахад улсын цол авсан бөх бүр тийм азтай байр машинтай болчихдоггүй юм байна лээ.. Төрийн наадамд түрүүлсэн ганц бөхдөө жилд ганц жийп өгөө л биз. Тэглээ гээд Монгол хоосорчихгүй. Жилдээ л ГАНЦ ШҮҮ ДЭЭ! Харин үлдсэн улс, аймгийн цол авч байгаа залуус бор зүрхээрээ л амьдралаа залгуулж яваа бидэн шиг л хүмүүс. Мэдээж эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй "аль аль салбараа дэмжих" нь зөв. Энэ үгийг хэлэх гэж л нөгөө салбарыг нь шалаар нэг болтол гоочлохоо больчих хэрэгтэй гэж мөхөс би бодном..